0

Засгийн газрын өнөөдрийн (2026.08.05) хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Хэмнэлтийн горимд шилжсэн Засгийн газрын тогтоолоор, төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилт зэргийг хэвийн олгохоор шийдвэрлэв.
Харин,
-Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдрийн арга хэмжээ, найр наадам, соёлын арга хэмжээ /хувийн болон хандиваар зохион байгуулахыг хориглохгүй/
-Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадны зочин хүлээж авах зардал
-Зайлшгүй шаардлагатайгаас бусад тоног төхөөрөмж, тавилга, автомашин
-Батлан хамгаалах, хууль зүйгээс бусад сургалт, дадлагын бэлтгэл
-Зайлшгүй мэдээлэх хууль тогтоомжоос бусад кино, контентын хэвлэлийн зардал
-Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшууллыг тус, тус хориглолоо.
Хэмнэлт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, ханиад томуутай тэмцэх гэх мэт зайлшгүй ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлов.
Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүртээ 20 хувийн урсгал зардлын хэмнэлт гаргах, нөхөн томилгоо хийхгүй, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээнээс татгалзах, төрийн албанд шинэ албан тушаал үүсгэхгүй байх, тог цахилгаан, дулаанаа хэмнэх, хурал, сургалтаа цахимд шилжүүлэхээс гадна төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах хэмнэлтээ үргэлжүүлэхийг үүрэг болголоо. Төсвийн сахилга бат сайжирч, нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд хязгаарлалтыг үе шаттай сулруулна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.