0

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ногоон шилжилтийн бодлогыг тээвэр, ложистикийн салбарт бодитоор хэрэгжүүлэх шинэ шийдлийг хувийн хэвшлийнхэн амжилттай туршлаа.
“Монложистикс Групп” болон “Ньюком” ХХК хамтран 2026 оны наймдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нийт 1,400 орчим километр замыг хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар туулж, холын зайн ачаа тээвэрлэлтийг Монгол Улсад анх удаа амжилттай туршлаа.
Тээврийн зардал нь бараа, бүтээгдэхүүний суурь өртгийн нэг хэсэг бөгөөд улмаар эцсийн хэрэглэгчийн төлөх үнэд шууд нөлөөлдөг. Тиймээс дэлхий дахинд түлш, шатахууны нийлүүлэлт, үнэ тогтворгүй байгаа энэ үед тээврийн салбарыг үе шаттай цахилгаанжуулах нь импортын шатахууны хамаарлыг бууруулж, тээврийн зардлыг тогтворжуулах боломжит шийдлийн нэг юм.
Засгийн газраас ногоон шилжилтийг дэмжих хүрээнд орон нутагт 180 цэнэглэгч станц бүхий “Ногоон өртөө”-г үе шаттайгаар байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр Улаанбаатар хотыг 21 аймагтай холбосон цахилгаан автомашины үндэсний коридор бий болох юм.
Дэд бүтцийг үе шаттай бүрдүүлснээр 2030 он гэхэд 50 мянга хүртэлх цахилгаан автомашины тогтвортой хэрэглээг дэмжих нөхцөл бүрдэхээс гадна эхний хоёр үе шатанд ойролцоогоор 166 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах боломжтой гэж тооцоолж байна. Мөн шатахууны импортын зардлыг жилд ойролцоогоор 200 сая ам.доллараар бууруулах боломж бүрдэх аж.
Цахилгаан тээврийн дэд бүтэц хөгжсөнөөр зөвхөн иргэдийн автомашины хэрэглээнд төдийгүй ачаа тээвэр, ложистикийн салбарын үйл ажиллагааны зардлыг бууруулах, тээврийн шинэ технологи нэвтрүүлэх боломж нэмэгдэх юм.
Төр бүхнийг өөрөө хэрэгжүүлэхээс илүүтэй хувийн хэвшлийн шинэ санаачилга, технологийн шийдлийг дэмжиж, шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.
Монгол Улсад анх удаа хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар 1,400 орчим километрийн холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршсан нь тээврийн салбарын ногоон шилжилтийг бодит ажил болгох чухал алхам боллоо.
Ногоон шилжилт нь зөвхөн байгаль орчныг хамгаалах бодлого бус, шатахууны импортын хамаарлыг бууруулах, тээврийн өртгийг хэмнэх, улмаар Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой бодлого юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.