dobu.mndobu

Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, 132 хүн амиа алджээ

Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, 132 хүн амиа алджээ

Колумбын баруун хэсэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 132 хүн амиа алдан, 570 гаруй хүн гэмтэж бэртжээ. Амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд нуранги дор хүмүүс олноороо дарагдсан байж болзошгүй байна.

Газар хөдлөлт даваа гарагийн өглөө Чоко мужид, газрын гадаргаас 103 километрийн гүнд болсон байна. Чичирхийлэл Колумбын баруун хэсгийн өргөн уудам нутагт мэдрэгдэж, хэд хэдэн хотод барилга байгууламж, дэд бүтэц ноцтой эвдэрчээ.

Газар хөдлөлтийн голомт Чоко мужийн Сан-Хосе-дель-Палмар тосгоны орчимд байсан бөгөөд тус тосгоны захирагч Леон Фабио Марин Монкадагийн мэдээлснээр зам харилцаа эвдэрсэн хэдий ч хүний амь нас эрсэдсэн, гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Харин голомтоос 55 орчим километрийн зайд орших Перейра хотод хамгийн их хохирол учирчээ. Хотын төвийн Пласа Боливар талбай орчимд барилга нурсан бөгөөд хотын захиргааны мэдээлснээр Перейра хотын бүсэд 40-өөс доошгүй хүн амиа алдаж, 65 барилга нурсан байна. Эдгээрээс 15 барилгад хүмүүс нуранги дор үлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Мөн Перейрагаас өмнө зүгт 160 орчим километрийн зайд орших Кали хотод 32 барилга нурсан байна. Манисалес хотод дор хаяж хоёр хүн амиа алдсан бол Чоко, Валье-дель-Каука мужууд болон Кибдо, Медельин зэрэг хотуудад хүний амь нас хохирсон тухай мэдээлжээ.

Газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн бүс нутгийн нисэх буудалд гэмтэл учирч, Перейра, Манисалес, Кибдо, Армениа, Картаго, Буэнавентура хотын нисэх буудлуудад эвдрэл гарсан байна. Нийслэл Богота хотод мод, гэрлэн дохио хүчтэй чичирсэн бөгөөд зарим барилгад цууралт үүссэн ч одоогоор хотын дэд бүтцэд ноцтой хохирол учраагүй байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл хөрш Венесуэл, Эквадор, Панамын нутаг дэвсгэрт хүртэл мэдрэгджээ.

Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэлья улсын хэмжээнд гамшгийн нөхцөл байдал зарлаж, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, төсөв хөрөнгийг шаардлагатай чиглэлд шилжүүлэх тусгай эрх бүхий арга хэмжээг авч эхэлсэн байна. Мөн газар хөдлөлтийн улмаас 1,500 гаруй айл өрх орон сууцны хохирол амссан гэж мэдээлжээ.

Олон улсын зүгээс Колумбид тусламж үзүүлэхээ илэрхийлж эхэлсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэн, шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Европын Холбооны Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен аврах ажиллагаанд “Copernicus” хиймэл дагуулын системийг ашиглаж буйг мэдээлсэн байна. Мөн Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле аврах ажиллагаанд хүн хүч, тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.

АНУ-ын Геологийн албаны тооцоогоор 1.5 сая орчим хүн 7 магнитудын хүчтэй чичирхийллийг мэдэрсэн байна. Газар хөдлөлт газрын гүнд болсон тул харьцангуй бага хүчтэй давтан чичирхийлэл үүсэх магадлалтай ч гүний газар хөдлөлт нь барилга байгууламжид их хэмжээний энерги дамжуулан ноцтой хохирол учруулах эрсдэлтэй байдаг аж.

Аврах албаныхан нуранги дор үлдсэн байж болзошгүй хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан болон хохирсон хүний тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.