dobu.mndobu

Засаг огцруулна гэж “загатнаад” байгаа юм гэв үү

Засаг огцруулна гэж “загатнаад” байгаа юм гэв үү

Их тэнгэрт өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа гээд л шуугьсан. Эрх баригч намын бүлгийн хуралд оролцсон гишүүдийн олонх нь “Төр засгийнхаа тогтвортой байдлаа хадгалах нь зүйтэй” гэдэг дээр санал нэгдсэн байна. Уруудсаар уруудсаар уланд очих дөхсөн эдийн засгаа сэргээх, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, яаралтай авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ нь Ерөнхий сайд Н.Учралыг ард түмэнд арай дөнгүүр харагдуулах болсон. Өмнөх Ерөнхий сайд нарыг бодвол ард түмэнд арайхан нэр нүүрээ барчихаагүй байна. Тиймээс ирэх намрын улс төр нэг их хол явахааргүй байна гэж уншигдаж эхэллээ.

Ардчилсан намын хувьд 2027, 2028 оны дараалласан сонгуульд анхаарал хандуулж байгаа нь үнэн. Тиймээс хоёр жил ард түмнээ хогийн тантан дунд үлдээхэд тэднээс лав унах зүйл угаас үгүй. Тиймээс төрийг сандааж, түмэн олныг үймүүлэх нь тэдний эрх ашиг болсон нь нууцгүй үнэн. МАН хагарах тусам АН-д ашигтай гэдэг зарчмыг тэд илүү барьж байна. Харин эрх баригч нам бүү хэл сөрөг хүчний намын залуу гишүүн Ч.Лодойсамбуу засаг огцруулж тоглодог улс төр өнөөдөр биш. Улс орноо бодсон шийдвэр гаргадаг улс төрийн хүчин байх ёстойг намынхандаа сануулаад, намын даргынхаа өөдөөс үзэл бодолдоо бат зогсоно гэдгээ хэлчихсэн.

Орос-Украины дайн, Ормузын хоолойд нөлөөллөө тогтоох геополтик, геостатиегийн мөргөлдөөн хурцдаж, сүүдэх нь Монголд сүүдрээ тусгасаар байгаа. Гэтэл АН-ын дарга О.Цогтгэрэл саран дээрээс бууж ирсэн мэт “Гадаад орчин хамгийн таатай үед бид амьдарч байна” хэмээн хэлж ямар ч мэдрэмжгүй улстөрч гэдгээ харуулаад авлаа. Гадаад ертөнц таагүй байна шүү, хүйтэн байна. Харин хүйтэн байх тусам дотроо харин галаа дүнгэнэтэл түлж, дулаанаа нэмэх, хадгалах нь зөв гэж МАН-ын бүлэг үзжээ. МАН-ын бүлэг талцал хуваагдал, 38, 30-аар биш эх орны эрх ашиг гэдэг дээр одоо л нэг санал нэгдэж байгаа бололтой. Түүнчлэн төсвөө тодотгохыг бүгд дэмжсэн байна.

Л.Оюун-Эрдэнийн засаг тэргүүлсэн он жилүүдийн балаг, Сангийн сайд Б.Жавхлангийн алдаатай бодлого өнөөдрийн улс орны эдийн засаг уруудах маш том суурь болсон гэдгийг бүгд мэднэ. Тиймээс тэдний алдааг засах гэж энэ засаг урд хормойгоороо, хойд хормойгоо нөхөж байгаа юм.

Улс орны амьдрал, улс төр хоёр асар ялгаатай. Улс төрчдийн бодлогогүй ярьсан бүхэн гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засагт шууд нөлөөлдөг. Гэсэн ч явцгүй улс төрөө ард түмний амьдралаас дээгүүр тавьдаг хүмүүс бий. Засаг огцруулна гэж яриа гаргасан хүмүүс эхний хэсэг буюу улсаа хорлогчдын бүлэгт багтана.

Ер нь Засгийн газрыг огцруулах асуудал хэдхэн зүйл дээр л хөндөгддөг. Эхнийх нь мэдээж өшөө авалт. Эрх баригчдын доторх фракцын тэмцэл гэсэн үг. Одоо эрх мэдлээ алдчихаад байгаа фракцын бүтээсэн засаглалын түүх ч чамгүй зузаан. “Элдвийн асуудал” нь ч тэр хэрээр зузаан. Тиймээс эрх мэдэлгүй байх нь бороонд цувгүй зогсож байгаа юм шиг эвгүй байх нь аргагүй. Ядаж байхад Н.Учрал нь яг чиглүүлж хэлж ярихгүй ч гэсэн үйл ажиллагаагаараа гишгэх газаргүй болгоод байна.

Өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр оффтейк гэрээний талаар чанга хашгирчихлаа. Мэдээж нөгөө тал барьц алдана, сандарна. Оффтейк гэрээтэй холбоотой олон хүний нэр сонсогдоод удаж байгаа. Тиймээс засгийн нэр муу байх нь, засгаа тогтворгүй байлгах нь тэдэнд ашигтай. Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны хомсдол, эрчим хүчний хангалтын асуудал дээр улаан гэрэл асчих гээд амаргүй байгаа. Ядаж байхад КОП-17 хурал ч юув дээ. Аль алиныг нь өнөөдрийн Засгийн газар бүтээгээгүй. Өмнөхүүдийнхээ балгийг өнөөдөр үүрч яваа гэж ойлгож болно. Гэсэн ч олон юм ярилгүй үүнийг заавал шийдах ёстой, Н.Учрал.

Оюу толгойн асуудал дахин босч ирэв. КОП-17 хурлын үеэр “дотоодын тэмцэгчид” энэ асуудлыг гаргаж ирэн, жагсаал цуглаанд уриалахыг оролдсон. Эрдэмтэн өөр юм хэлдэг, тэмцэгчид тэс өөр юм ярьдгийн шалтгаан нь нийгмийн бухимдлыг төрүүлэх, дэвэргэх. Тэмцлийн үзүүр нь Засгийг унагахад чиглэдэг гэдгийг хэн хүнгүй мэддэг болоод удаж байна. Засгийн газрыг золигт гаргахыг хүсвэл нийгмийг турхирч, Оюу толгойгоор жаахан түйвээхэд л болчих гээд байдаг гэмтэй. Ямартай ч засаг огцруулна гээд гар загатнасан хүмүүс нэг биш байгаа. Тиймээс улсаа хорлох уу, улс төрөө бодох уу гэдэг сонголт МАН-ын талцсан гишүүдийн өмнө тулгарлаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.