0

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Барилгачдын талбайд сүндэрлэх Барилгачдын хөшөөнд өчигдөр /2026.09.04/ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болов.
Барилгачдын талбай нь Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарт хүчин зүтгэсэн үе үеийн барилгачдын хөдөлмөр, зүтгэл, түүх бахархлыг илэрхийлсэн хүндэтгэлийн орон зай юм. Тус талбайд сүндэрлэх барилгачдын хөшөө нь эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан барилгачдын хөдөлмөр зүтгэлийг мөнхжүүлсэн бэлгэдэл билээ.
Барилгачдын хөшөөг Монголын ууган архитекторуудын нэг, Монгол Улсын Гавъяат барилгачин, Зөвлөх архитектор Я.Шархүүгийн зураг төслөөр, Монгол Улсын гавъяат барилгачин, “Барилга” корпорацийн Ерөнхийлөгч, Барилга, хот байгуулалтын яамны тэргүүн дэд сайд асан Л.Шагдаррагчаа санаачлан, түүний үр хүүхдүүд бүтээн байгуулсан билээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд барилгын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатрууд, гавъяат барилгачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ой тохиож буй энэ үед үе үеийн ахмад барилгачдаа хүндэтгэн дурсах нь салбарын түүх, уламжлал, залгамж чанарыг эрхэмлэж буй чухал үйл явдал юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.