0

“Stray Kids” хамтлагийн гишүүн Феликс төрсөн өдрөөрөө нийт 300 сая вон буюу 220 мянган ам.доллар хандивлажээ.
Тэрбээр хандивынхаа 100 сая воныг Самсунг эмнэлгийн төвд, 100 сая воныг Сөүлийн үндэсний их сургуулийн хүүхдийн эмнэлэгт өгсөн байна. Харин үлдсэн 100 сая воныг “Books International” байгууллага болон БНСУ-ын НҮБ-ын Хүүхдийн санд тус бүр 50 сая воноор хандивлажээ.
Самсунг эмнэлгийн төвд өгсөн хандивыг хорт хавдартай хүүхэд, өсвөр насныхны эмчилгээний зардалд ашиглана. Харин Сөүлийн үндэсний их сургуулийн хүүхдийн эмнэлэгт өгсөн хөрөнгө нь санхүүгийн боломж муутай гэр бүлийн хүүхдүүдийн эмчилгээний зардлыг дэмжихэд зориулагдах юм.
“Books International” байгууллагад өгсөн хандивыг хүүхдүүдэд төрөлх хэлээр нь зориулсан зурагт ном бүтээж, хэвлэн гаргахад ашиглана. НҮБ-ын Хүүхдийн санд өгсөн 50 сая воныг Непалд болсон хүчтэй үерийн дараах яаралтай тусламжид зарцуулах аж.
Феликс “Олон хүүхдийн өдөр хоногууд санаа зовнил биш, гэрэл гэгээтэй итгэл найдвараар дүүрэн байгаасай гэж хүсэж байна. Энэ хандив тэдний өнөөдөр болон маргаашид бага ч гэсэн хүч өгөх болно гэж чин сэтгэлээсээ найдаж байна” хэмээн хэлжээ.
Австралид төрсөн Феликс өмнө нь ч хүүхдүүдэд чиглэсэн олон хандив өргөж байсан юм. Тэрбээр 2024 онд Лаосын хүүхдүүдэд хоол хүнс, цэвэр ус, ариун цэврийн нөхцөлөөр туслах хөтөлбөрүүдэд хандивласан байна. Мөн хүнсний дутагдалтай хүүхдүүдэд зориулсан “Хүүхдийн өглөөний цай” хөтөлбөрийг дэмжжээ.
Феликс “Stray Kids” хамтлагийн гишүүдийн хамт байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах ажилд мөн оролцож ирсэн. Өнгөрсөн жил Өмнөд болон Хойд Кёнсан мужид гарсан ойн түймрийн хохирогчдод туслахын зэрэгцээ Хонконгт гарсан орон сууцны галын дараах сэргээн босголтын ажилд хандив өргөжээ.
Ийнхүү Феликс энэ жилийн төрсөн өдрөөрөө бэлэг хүлээн авахын оронд хүүхдүүд болон гамшигт өртсөн хүмүүст туслахад нийт 300 сая воныг зориулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.