dobu.mndobu

Бээжингийн Шяншань форумд Монголын төлөөлөгчид оролцож байна

Бээжингийн Шяншань форумд Монголын төлөөлөгчид оролцож байна

БНХАУ-ын Бээжин хотноо болж буй 13 дахь удаагийн “Бээжингийн Шяншань форум”-д Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Энэ жилийн форумыг “Тогтвортой байдлын талаарх нийтлэг ойлголтыг нэгтгэж, аюулгүй байдлын засаглалыг хамтдаа урагшлуулах нь” ерөнхий сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 100 орчим улс, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Тэдгээрийн дунд 60 гаруй сайд, Зэвсэгт хүчний дээд түвшний удирдлага багтжээ.

Форумын хүрээнд “Олон улсын дэг журам ба стратегийн тогтвортой байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, олон туйлт дэлхийн дэг журам, их гүрнүүдийн харилцаа, стратегийн итгэлцэл, сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Оролцогчид тодорхой асуудлаар өөр өөр байр суурьтай байгаа ч харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, маргаан зөрчлийг яриа хэлэлцээ болон олон улсын эрх зүйн хүрээнд зохицуулах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагыг нийтлэгээр онцолжээ.

Форумын дараагийн хуралдаануудаар бүс нутгийн мөргөлдөөн, Ази-Номхон далайн аюулгүй байдал, хөгжиж буй орнуудын үүрэг, хиймэл оюун ухаан болон шинэ технологийн цэргийн хэрэглээ, далайн болон сансрын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх юм.

Мөн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут форумын үеэр батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр холбогдох уулзалт, арга хэмжээнд оролцоно.

“Бээжингийн Шяншань форум” нь Ази-Номхон далайн бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудлаар улс орнуудын байр суурийг солилцох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, олон талт яриа хэлэлцээг дэмжих олон улсын платформ юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.