0

АНУ-ын Калифорни мужийн Шаста ууланд авирч байсан нэгэн уулчин 150 метрийн өндрөөс унаж, хөлөө хүнд гэмтээсэн ч бууж өгөлгүй мөлхсөөр хоргодох байранд хүрч, нэг хоногийн дараа аврагджээ.
Тэрбээр есдүгээр сарын 10-ны орой уулын “Avalanche Gulch” маршрутаар бууж байхдаа цастай налуугаар гулгахыг оролдсон ч хяналтаа алдан, ойролцоогоор 150 метр өнхөрч унасан байна.
Уналтын улмаас хөл нь хүнд гэмтэж, хавдан алхах боломжгүй болсон тул мөлхөхөөс өөр аргагүй болжээ. Ингээд мөлхөж, авирсаар “Horse Camp Cabin” гэх хоргодох байранд хүрч, маргааш нь аврагджээ.
Гэвч энэ үед гар утасных нь цэнэг дууссан тул хэнтэй ч холбоо барьж чадсангүй. Түүнийг сураггүй болсныг найзууд нь маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Есдүгээр сарын 11-ний 14:00 цагийн орчимд эрэн хайх, аврах багийнхан ажиллагаагаа эхлүүлжээ. Харин ердөө хоёр цагийн дараа өөр нэг уулчин түүнийг хоргодох байранд байгааг олж харж, аврагчдад мэдээлсэн байна.
Аврагчид удалгүй очиж, гэмтлийг нь шалгасны дараа нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ.
Уулчны нэр болон одоогийн биеийн байдал одоогоор олон нийтэд мэдээлэгдээгүй байна.
Энэ явдлын дараа Сискию тойргийн шерифийн газраас уулчдад аяллын маршрут, буцах цаг болон төлөвлөгөөгөө бусдад урьдчилан мэдэгдэж байхыг анхааруулжээ. Мөн Шаста ууланд авирахдаа үд дунд гэхэд бууж эхлэхээр төлөвлөхийг зөвлөсөн байна.
Эрх баригчдын мэдээлснээр, өдрийн гэрэлтэй үед бууж эхлэх нь осол, гэмтэл гарсан тохиолдолд аврагчдад уулчны байршлыг тогтоож, тусламж үзүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.