0

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэ онд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ. Мөн 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар Монгол Улсад 737,338 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 54.1 хувиар өссөн үзүүлэлт байна.
Нийслэл энэ оны жилийн эцэст 630 мянган жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа бөгөөд нийт жуулчдын 60-70 орчим хувь нь Улаанбаатар хотоор дамжин өнгөрдөг байна.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд нийслэлтэй шууд нислэгтэй хотуудын тоо нэмэгдсэн нь нөлөөлжээ. Тухайлбал, “Spring Airlines” компани Улаанбаатар-Шанхай, Казахстаны “Скат эйрлайнс” компани Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн.
Мөн “Хүннү Эйр” компани есдүгээр сарын 28-наас Улаанбаатар-Дели чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын арга хэмжээнүүдэд 815 жижиг, дунд бизнес эрхлэгч хамрагдаж, нийт 13 орчим тэрбум төгрөгийн орлого олсон байна.
Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг тусгасан байна.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.