dobu.mndobu

Гадаадад эмчлүүлэх хэрэгцээг дотооддоо бууруулна

Гадаадад эмчлүүлэх хэрэгцээг дотооддоо бууруулна

Монгол Улсын иргэдийн гадаадад эмчлүүлэхэд зарцуулж буй хөрөнгийг эх орондоо үлдээх, эмчилгээний дэвшилтэт технологийг Монгол Улсад нутагшуулах нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нэг чухал зорилт болж байна.

Эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр хийгдсэн судалгаагаар зөвхөн БНСУ-д нэг жилийн хугацаанд эмчилгээний зориулалтаар 200 сая ам.доллар зарцуулсан тооцоо гарсан байна. Тиймээс Монгол Улсад оношилж, эмчлэх боломжийг нэмэгдүүлж, өндөр өртөгтэй эмчилгээний үйлчилгээг эх орондоо бий болгох, дэвшилтэт технологийг нутагшуулах шаардлага тулгарч байна.

Энэ хүрээнд АШУҮИС Монгол-Японы эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламж үйлчилгээг уялдуулан, нийт 108 шинэ технологийг нэвтрүүлээд байна.

Тухайлбал, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт робот тусламжтай өвдөгний үе солих мэс заслын технологийг Монгол Улсад нэвтрүүлж, 2026 оноос дотоодын эмч нар уг мэс заслыг бие даан хийж эхэлсэн. Энэ нь дэвшилтэт технологийг зөвхөн ашиглахаас гадна Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эзэмшүүлж, эх орондоо нутагшуулж буй бодит үр дүн юм.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр их сургуулийн эмнэлгийн тогтолцоог зөв бүрдүүлж, сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламж үйлчилгээг нэгтгэн хөгжүүлэх нь чухал болохыг онцоллоо.

Тэрбээр Монгол Улсад эмчилгээний шинэ технологийг нутагшуулж, эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэн, иргэд эх орондоо дэлхийн түвшний оношилгоо, эмчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Энэ үеэр Боловсролын сайд “Багшийн эрүүл мэндийг дэмжих төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилтны эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйлчилгээнд онцгой анхаарах ёстойг санууллаа.

Тус төв 2026 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 2130 багш, ажилтныг төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, зөвлөгөөнд хамруулсан бөгөөд үүнээс 94 тохиолдол мэс засал болон өдрийн эмчилгээнд хамрагдсан байна.

Мөн нийт 1947 цахим хүсэлт хүлээн авч, багш, ажилтнуудад эмчийн үзлэг, зөвлөгөө үзүүлсэн бөгөөд Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Орхон, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн багш, ажилтнуудад төрөлжсөн мэргэшлийн эмчийн 14 удаагийн цахим зөвлөгөө өгчээ.

Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, төрөлжсөн тусламж үйлчилгээг багш, ажилтнуудад хүртээмжтэй хүргэх, тэр дундаа орон нутагт ажиллаж буй багш, ажилтнууд цахимаар нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

АШУҮИС-ийн их сургуулийн эмнэлгийн тогтолцоо нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах, эмнэлзүйн судалгаа хийх, шинэ технологи нэвтрүүлэх, түүнийг эх орондоо нутагшуулах цогц тогтолцоо болон хөгжиж байна.

Ингэснээр багшийн эрүүл мэндийг дэмжихээс эхлээд иргэдийн гадаадад эмчлүүлэх урсгалыг бууруулах хүртэл хүний эрүүл мэнд, хүний нөөц, сургалт, судалгааг холбосон их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.