0

АНУ-ын гутлын үйлдвэр Converse олон нийтийн сүлжээнд байршуулсан сурталчилгааны зургаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг илэрхийлсэн дүрслэлтэй төстэй хэмээн шүүмжлүүлсний улмаас устгаж, уучлалт хүсжээ.
Тус компанийн цахим хуудсанд нийтэлсэн зурагт загвар өмсөгч цагаан юбка, Converse-ийн пүүз өмсөн зогсож, гартаа мөн нэг хос пүүз барьсан байв. Харин зургийн гэрэл, сүүдрийн зохицол нь АНУ-ын арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй бүлэглэлийн гишүүдийн өмсдөг цагаан шовгор малгайтай төстэй харагдаж байна хэмээн олон нийтийн сүлжээ хэрэглэгчид шүүмжилжээ.
Мөн зурагт өлгөөтэй харагдах пүүзнүүдийг зарим хүн өнгөрсөн үеийн зэвсэгт бүлэглэлийн үйлдсэн харгис хүчирхийлэл, тэр дундаа дүүжлэн хороосон хүний дүрслэлтэй зүйрлэсэн байна гэж үзэх болжээ.
Үүнтэй холбогдуулан Converse уг зургийг цахим хуудсууд болон олон нийтийн сүлжээнээсээ устгаж, бусад сувгаас ч мөн арилгахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Тус компани мэдэгдэлдээ:
“Бид уучлалт хүсэж байна. Энэ зураг яагаад олон хүний сэтгэлийг гүнээ эмзэглүүлснийг ойлгож байгаа бөгөөд бид алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл гарах ёсгүй байсан. Цаашид илүү сайн ажиллах болно.”
Уг зураг нь Converse-ийн шинэ пүүзийг сурталчлах аяны нэг хэсэг байжээ. Тус пүүзийг наймдугаар сарын 27-нд олон улсын зах зээлд танилцуулсан бөгөөд Өмнөд Солонгосын дуучин, “Эспа” хамтлагийн гишүүн Карина сурталчилгаанд оролцсон байна.
Converse нь 1900-аад оны эхээр АНУ-ын Массачусетс мужид байгуулагдсан бөгөөд 1917 онд “Чак Тейлор” загварын пүүзээ сагсан бөмбөгийн талбайд нэвтрүүлснээр нэр хүнд нь эрчимтэй өсжээ. Тус компани 2003 оноос хойш АНУ-ын спортын хувцас, хэрэгслийн “Найк” компанийн харьяанд ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.