0

Украин улс Оросын талыг баримталсан үзэл санааг түгээж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзсэнтэй холбоотойгоор алдарт “Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн киноны уран бүтээлчдэд хориг арга хэмжээ авчээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский холбогдох зарлигт гарын үсэг зурсан бөгөөд хориг арга хэмжээ нь тус хүүхэлдэйн киног бүтээдэг студийн үүсгэн байгуулагч, захирал болон найруулагч, зохиолч, хамтран продюсер зэрэг уран бүтээлчдийг хамарч байгаа юм.
Украины талын мэдээлснээр дэлхийн олон оронд үзэгчтэй, олон хэлээр орчуулагдсан тус хүүхэлдэйн кино нь Оросын төрд орлого оруулахын зэрэгцээ Кремлийн үзэл суртлыг түгээх хэрэгсэл болж байна гэж үзжээ.
Зеленскийн хориг арга хэмжээний бодлогын зөвлөх Владислав Власюк хүүхдүүдэд чиглэсэн Оросын суртал ухуулга олон улсын томоохон цахим платформуудаар дамжин тархаж байгаа тохиолдолд үүнд хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Мөн энэ оны зун Их Британийн хэсэг хууль тогтоогч тус улсын Соёлын сайдад нээлттэй захидал илгээж, цахим үзвэрийн үйлчилгээнүүдээс “Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн киног хасахыг шаардсан байна. Тэд тус цувралын зарим ангид Оросын суртал ухуулгын шинжтэй агуулга агуулагддаг гэж үзжээ.
Харин хүүхэлдэйн киног бүтээгч студийн төлөөлөгч Мелани Бонвичино эдгээр мэдэгдлийг “худал, гүтгэлэг” хэмээн няцаасан байна. Тэрбээр студи нь бие даасан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Оросын Засгийн газраас санхүүжилт авдаггүй гэж мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс мөн Украины шийдвэрийг буруушааж, хүүхдийн хүүхэлдэйн киноны уран бүтээлчдэд хориг тавьж байгаа нь Украины эрх баригчдын хандлагыг харуулж байна хэмээн мэдэгджээ.
“Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн цуврал нь Оросын уламжлалт ардын үлгэрийн дүр, санаанаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд дэлхийн олон оронд үзэгчтэй болсон бүтээл юм. Тус цувралын зарим анги цахим орчинд олон тэрбум удаа үзэгдэж, хүүхдийн үзэх дуртай бүтээлүүдийн нэг болсон билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.