dobu.mndobu

Зургаан настай Хятад охин Рубикийн шооны дэлхийн дээд амжилтыг хоёр удаа шинэчилжээ

Зургаан настай Хятад охин Рубикийн шооны дэлхийн дээд амжилтыг хоёр удаа шинэчилжээ

Хятадын зургаан настай охин Лян Юньжи Рубикийн шоог эвлүүлэх эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг ердөө гуравхан хоногийн дотор хоёр удаа шинэчилж, олны анхаарлыг татжээ.

Тэрбээр Хятадын Ухань хотод болсон тэмцээнд 3х3х3 хэмжээтэй Рубикийн шоог таван удаагийн оролдлогын дунджаар 4.52 секундэд эвлүүлж, дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Харин хоёр хоногийн дараа Гуанжоу хотод болсон тэмцээнд өмнөх амжилтаа ахиулж, 4.27 секундын дундаж үзүүлэлтээр дахин дээд амжилт тогтоожээ.

Ингэснээр Лян Юньжи эмэгтэйчүүдийн дунд Рубикийн шоог дунджаар 4.5 секундээс бага хугацаанд эвлүүлсэн анхны тамирчин болсон байна.

Сычуань мужаас гаралтай бяцхан охин энэхүү амжилтад хүрэхийн тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд өдөр бүр хоёроос гурван цагийг Рубикийн шооны бэлтгэлд зориулжээ. Тэрбээр шоог хурдан эвлүүлэхэд ашигладаг 1,300 гаруй дараалал, аргачлалыг цээжилж эзэмшсэн байна.

Рубикийн шоог хурдан эвлүүлэхдээ тамирчид шооны өнгө, байрлалыг нүдээрээ маш богино хугацаанд ажиглан, дараагийн хөдөлгөөнүүдээ урьдчилан тооцоолдог. Тиймээс хурд, ой тогтоолт, анхаарал төвлөрөл, гарын хөдөлгөөний нарийн зохицол чухал үүрэгтэй байдаг.

Лян Юньжи бага наснаасаа шоогоор хичээллэж эхэлсэн бөгөөд тогтмол бэлтгэл хийснээр тэмцээнүүдэд оролцож, амжилтаа ахиулсаар иржээ. Түүний гэр бүлийнхний хэлснээр, Рубикийн шоогоор хичээллэснээр охины анхаарал төвлөрөл, ой тогтоолт болон орон зайн сэтгэх чадвар нь хөгжсөн байна.

Дэлхийн шооны холбооноос зохион байгуулдаг тэмцээнд 3х3х3 төрөл нь хамгийн түгээмэл төрлүүдийн нэг юм. Тамирчин таван удаа оролдож, хамгийн хурдан болон хамгийн удаан үзүүлэлтийг хассаны дараа үлдсэн гурван оролдлогын дундаж хугацаагаар амжилтыг нь тооцдог байна.

Лян Юньжигийн 4.27 секундын үзүүлэлт нь эмэгтэйчүүдийн дундаж хугацааны дэлхийн дээд амжилт бөгөөд бүх тамирчдыг хамарсан дээд амжилтаас тусдаа ангилалд бүртгэгддэг байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.