dobu.mndobu

Сингапур нийтийн тээврийн шинэ журам хэрэгжүүлж, зөрчил гаргасан зорчигчдыг 500 доллар хүртэл торгоно

Сингапур нийтийн тээврийн шинэ журам хэрэгжүүлж, зөрчил гаргасан зорчигчдыг 500 доллар хүртэл торгоно

Сингапурт нийтийн автобусанд зорчигчид хөлөө суудал дээр тавих, чанга дуугаар хөгжим болон бичлэг тоглуулах, автобусанд хооллож уух, хог хаях зэрэг үйлдэл гаргавал 500 сингапур доллар хүртэлх торгууль ногдуулах шинэ журам хэрэгжиж эхэллээ.

Мөн бусад зорчигчдод саад учруулах, аюултай нөхцөл үүсгэх, автобус, буудал болон автобусны терминалын аливаа хэсгийг бохирдуулах зэрэг илүү ноцтой зөрчилд 5,000 сингапур доллар хүртэлх торгууль ногдуулах шинэ журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлжээ. 

Сингапурын Газрын тээврийн газар (LTA) шинэ зохицуулалт нь нийтийн тээврийг илүү аюулгүй, соёлтой, ая тухтай орчин болгох зорилготой гэж мэдэгдэв.

Шинэ журам нь тус улсын метро буюу MRT системд мөрдөгддөг дүрэмтэй нийцэж байгаа юм. Өмнө нь автобусанд хооллох, чанга дуу гаргах зэрэг үйлдлийг ихэвчлэн тухайн автобусны компанийн дотоод журмаар зохицуулж, жолооч зорчигчид буухыг шаардах боломжтой байсан. Харин одоо эдгээр үйлдэл нь албан ёсны зөрчилд тооцогдож, шууд торгууль ногдуулах эрх зүйн үндэслэлтэй болжээ. 

Тасалбар шалгагч болон автобусны буудлын ажилтан зэрэг эрх бүхий ажилтнууд зөрчил гаргасан байж болзошгүй зорчигчид албан ёсны мэдэгдэл өгөх боломжтой. Харин автобусны жолооч нарт ийм торгууль ногдуулах эрх олгоогүй бөгөөд тэд үндсэн үүрэг болох автобусыг аюулгүй жолоодоход анхаарна. Жолооч зөрчил гаргасан зорчигчид үйлдлээ зогсоохыг шаардаж болох бөгөөд шаардлагыг биелүүлэхгүй бол автобуснаас буулгах, ноцтой тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах боломжтой.

Нийтийн тээврийн орчныг тайван байлгахын тулд ийм арга хэмжээ авч буй улс Сингапураар хязгаарлагдахгүй байна. Польшийн Краков хотод энэ оны эхээр нийтийн тээврийн хэрэгсэл дотор гар утас болон бусад электрон төхөөрөмж ашиглан бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зорчигчийг 200 злот хүртэлх хэмжээгээр торгох журам хэрэгжүүлж эхэлжээ.

Их Британид мөн галт тэрэг болон өртөөнд бусдыг бухимдуулах хэмжээнд зөвшөөрөлгүйгээр дуу гаргагч төхөөрөмж ашиглах зэрэг үйлдлийг “нийгмийн хэв журамд харш зан үйл”-тэй холбоотой хуулиар хориглодог. Түүнчлэн нийтийн тээвэрт чихэвчгүйгээр чанга хөгжим, бичлэг тоглуулдаг зорчигчдод тусгайлан торгууль ногдуулах, торгуулийн хэмжээг 1,000 фунт стерлинг хүртэл тогтоох санал улс төрийн хүрээнд гарч байсан.

Сингапурын LTA нийтийн тээвэр нь хүн бүрийн хамтын орон зай учраас зорчигч бүр бусдад хүндэтгэлтэй хандаж, ая тухтай зорчих орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой гэж онцолжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.