dobu.mndobu

КАРЕК-ийн 25 жилийн ойн хүрээнд олон улсын цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна

КАРЕК-ийн 25 жилийн ойн хүрээнд олон улсын цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна

Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийг ахалж буй бөгөөд, тус хөтөлбөрийн түүхт 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо 2026 оны 09 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Дээрх арга хэмжээнүүдийн хүрээнд КАРЕК хөтөлбөрийн өнгөрсөн 25 жилийн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, бүс нутгийн цаашдын худалдаа, тээвэр-логистик, эрчим хүч, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, чухал ашигт малтмал, дижитал хөгжил, санхүү, хөрөнгийн зах зээл болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохоор зорьж байна.

25 ЖИЛД 300 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ, 57.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЖЭЭ

2001 онд эхэлсэн КАРЕК-ийн хөтөлбөр нь өнөөдөр Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол Улс, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан 11 улс  болон хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны механизм болон өргөжөөд байна.

2001-2025 оны хооронд КАРЕК-ийн хөтөлбөрийн хүрээнд 300 бүс нутгийн төсөлд нийт 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнээс 19.7 тэрбум ам.долларыг Азийн хөгжлийн банк, 26.5 тэрбум ам.долларыг бусад хөгжлийн түншүүд, 11.7 тэрбум ам.долларыг КАРЕК-ийн хөтөлбөрийн гишүүн орнуудын Засгийн газар санхүүжүүлсэн байна. Эдгээр хөрөнгө оруулалт нь олон улсын авто зам, төмөр зам, тээврийн коридор, эрчим хүчний холболт, хил, боомт, худалдааг хөнгөвчлөх дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, хил дамнасан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх суурь болсон байна.

КАРЕК-ийн бүс нутаг өнөөдөр 1.8 тэрбум хүн амтай, 20.6 их наяд орчим ам.долларын эдийн засагтай бөгөөд дэлхийн ДНБ-ий 16.3 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд КАРЕК-ийн хөтөлбөрийн гишүүн орнууд хоорондын худалдааны эзлэх хувь 2001 оны 1.9 хувиас 2024 онд 4.9 хувь, харилцан хөрөнгө оруулалтын эзлэх хувь 0.5 хувиас 3.3 хувь болж өссөн бол өдөрт 3 ам.доллараас бага орлоготой хүн амын эзлэх хувь 2001 оны 54.5 хувиас 2025 онд 17 хувь болж буурчээ.

МОНГОЛ УЛСАД 19 ТӨСӨЛД 1.5 ТЭРБУМ ОРЧИМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЖЭЭ

Монгол Улс КАРЕК-ийн хөтөлбөрт 2003 онд нэгдсэнээс хойш бүс нутгийн тээврийн холболт, авто зам, хил, боомт, худалдаа, логистикийн дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. 2025 оны 12 дугаар сарын байдлаар Монгол Улсад КАРЕК-тэй холбоотой 19 төсөлд ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс 13 тээврийн төсөлд 1 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө оруулсан бөгөөд 11-ийг нь Азийн хөгжлийн банк санхүүжүүлсэн байна. 

Тухайлбал, Монгол Улсыг БНХАУ, ОХУ болон Төв Азийн зах зээлтэй холбох олон улсын авто замын коридорууд, баруун бүсийн замын сүлжээ, хил нэвтрэх цэгүүдийн шинэчлэл болон Замын-Үүдийн логистикийн төв зэрэг төслүүдийг дурьдаж болох юм. Замын-Үүдийн логистикийн төв ашиглалтад орсноор экспорт, импортын өсөн нэмэгдэж буй ачааг тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, транзит тээврийн саатлыг бууруулах боломж бүрдсэн билээ.

Монгол Улс мөн 2026 онд КАРЕК-ийн дэвшилтэт дамжин өнгөрөх систем болон мэдээлэл солилцооны нэгдсэн платформ (CATS/ICE) туршилтад нэгдэх санамж бичигт гарын үсэг зурсан нь гааль, транзит тээврийн мэдээлэл солилцоог цахимжуулах, хил дамнасан худалдааг хөнгөвчлөх чухал алхам болж байна. КАРЕК-ийн хамтын ажиллагаа Монгол Улсын хувьд зөвхөн бодлогын яриа хэлэлцээ бус, зам–боомт–логистик–худалдааны бодит дэд бүтэц, бүс нутгийн зах зээлд холбогдох боломжийг бий болгосон урт хугацааны түншлэл гэж үзэж болно.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.