0

Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийг ахалж буй бөгөөд, тус хөтөлбөрийн түүхт 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо 2026 оны 09 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2026.09.28/ “Худалдаа, аялал жуулчлал болон бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд эхэллээ. Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээрийг Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк (АХБ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээнд КАРЕК-ийн хөтөлбөрийн гишүүн орнуудын өндөр түвшний төлөөлөгчид, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, КАРЕК-ийн Институт, Олон талт хамтын ажиллагааны хөгжлийн санхүүжилтийн төв (MCDF) зэрэг хөгжлийн түнш байгууллагууд оролцож байна.
Уулзалтыг АХБ-ны Дэд ерөнхийлөгч Инмин Ян, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лайонел Лоренс нар нээж үг хэллээ.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн "Монгол Улс КАРЕК-ийн хөтөлбөрт 2003 онд нэгдсэнээс хойш бүс нутгийн тээврийн холболт, авто зам, хил, боомт, худалдаа, логистикийн дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж ирсэн гэдгийг онцлов. Мөн тэрбээр, "Цаашид худалдаа, аялал жуулчлал, бүс нутгийн өрсөлдөх чадвар, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хүн рүү чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг зорьж байгаа" хэмээн дурдлаа.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ БОЛОМЖ БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ
КАРЕК-ийн бүс нутаг Евразийн төвд оршиж, далайд гарцгүй олон орныг хамардаг. Үүний зэрэгцээ улс орнуудыг Их Торгоны замын түүхэн өв, нүүдлийн болон суурин иргэншлийн харилцан шүтэлцээ, олон зууны худалдаа, соёлын солилцоо, өвөрмөц байгаль, уламжлалт ахуй холбож байна. Энэхүү нийтлэг өв, ижил төстэй нөхцөл нь олон улс дамнасан аяллын маршрут, хамтарсан бүтээгдэхүүн, бүс нутгийн нэгдсэн брэнд хөгжүүлэх томоохон боломж юм.
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг “Монголын аялал жуулчлалын хөрөнгө оруулалтыг нээх нь: Төсөл, түншлэл, боломж” сэдвээр Монгол Улсын аялал жуулчлалын төсөл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжийг танилцуулна. Мөн Пакистаны Төлөвлөлт, хөгжил, тусгай санаачилгын Холбооны сайд Ахсан Икбал болон Казахстан, Кыргыз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны төлөөлөгчид үндэсний шинэчлэлийг бүс нутгийн зах зээлтэй холбох, худалдаа, аялал жуулчлалыг хил дамнан хөгжүүлэх талаар санал солилцоно.

БОДЛОГООС БОДИТ ТӨСӨЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ РУУ
Хөгжлийн түншүүдийн хэлэлцүүлэгт Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк (АХБ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB), КАРЕК-ийн Институт, Олон талт хамтын ажиллагааны дэд бүтцийн хөгжлийн сан (MCDF)-ийн төлөөлөл оролцож, бодлогын шинэчлэлийг бодит хөрөнгө оруулалт болгох, тэргүүлэх төслүүдэд техникийн болон санхүүгийн дэмжлэг төвлөрүүлэх, хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Тээвэр, хилийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг бүс нутгийн үнэ цэнийн сүлжээ, орон нутгийн нийлүүлэгч, ЖДҮ, ажлын байртай холбохын зэрэгцээ цаасгүй худалдаа, хил дамнасан мэдээлэл солилцоо, стандартыг харилцан хүлээн зөвшөөрөх, бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн зэрэг хамтын шийдлүүдэд анхаарна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.