dobu.mndobu

Оросын цохилтоор Украины эрчим хүчний дэд бүтэц ихээр гэмтэж, 7 хүн амиа алджээ

Оросын цохилтоор Украины эрчим хүчний дэд бүтэц ихээр гэмтэж, 7 хүн амиа алджээ

Орос улс Украины эрчим хүчний дэд бүтцэд өчигдөр буюу есдүгээр сарын 30-нд өргөн цар хүрээтэй агаарын цохилт өгч, Киев болон бусад бүс нутгийн цахилгаан эрчим хүчний байгууламжуудыг онилжээ. Украины эрх баригчдын мэдээлснээр халдлагын улмаас долоон хүн амиа алдсан бөгөөд нийслэл орчимд хэд хэдэн эрчим хүчний байгууламж гэмтсэн гэв. 

Украины төрийн эрчим хүчний оператор "Ukrenergo" халдлагын улмаас Киев болон ойролцоох гурван мужид яаралтай цахилгаан хязгаарлалт хийсэн нь хавраас хойш нийслэлд анх удаа ийм арга хэмжээ авч буй тохиолдол болжээ.

Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Орос улс нийт 285 дрон хөөргөснөөс 254-ийг нь агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасан байна. Мөн баллистик пуужингаар цохилт өгчээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский халдлагын улмаас таван бүс нутагт чухал дэд бүтэц өртсөн бөгөөд амиа алдсан долоон хүний дунд хүүхэд байсан гэж мэдэгдсэн байна.

Киев хотын оршин суугчид халдлагын дараа утаанд бүрхэгдсэн хотод сэрж, цахилгааны тасалдлын улмаас зарим трамвай, троллейбусны хөдөлгөөн зогсжээ. Мөн хотын усан хангамжийн системийн даралт буурсан байна.

Украины Ерөнхий сайд Серги Корецкий Орос улс эрчим хүчний дэд бүтцэд үзүүлэх цохилтоо эрчимжүүлж, өвөл эхлэхийн өмнө иргэдийг хүйтэн, харанхуйд үлдээхийг зорьж байна гэж мэдэгджээ.

Оросын зүгээс Киев мужийн цахилгаан станцууд, Одесса мужийн аж үйлдвэрийн цогцолбор болон Украины баруун өмнөд хэсгийн Измаил хотын боомтын дэд бүтцэд цохилт өгснөө мэдээлсэн байна.

Үүний зэрэгцээ Молдавын Батлан хамгаалах яам гурван дрон тус улсын агаарын орон зайд нэвтэрсэн гэж мэдээлжээ. НАТО-гийн гишүүн Румын, Польш улсууд цэргийн нисэх онгоцуудаа агаарт хөөргөсөн байна.

Оросын бүрэн хэмжээний довтолгоо 2022 оны хоёрдугаар сард эхэлснээс хойш Украины эрчим хүчний дэд бүтэц удаа дараагийн халдлагын бай болсон бөгөөд Киевийн эрх баригчид ирэх өвөл эрчим хүчний системд чиглэсэн цохилт нэмэгдэхээс сэрэмжилж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.