dobu.mndobu

Энхтайваны өргөн чөлөөний автобусны буудлуудын цахим самбарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Энхтайваны өргөн чөлөөний автобусны буудлуудын цахим самбарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Нийтийн тээврийн үйлчилгээний хамгийн их ачаалал авч, олон зорчигч зорчдог Энхтайваны өргөн чөлөөний автобусны буудлуудын электрон самбарыг сайжруулах, мэдээлэл дамжуулах хурдыг нэмэгдүүлэх, иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй байхад хэрхэн хамтран ажиллах талаар Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн, “Ай Си Ти Групп” ХК -ийн гүйцэтгэх захирал А.Баттамир, “Жэй Си Дэко Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Г.Гантулга нар газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай нь танилцлаа.
“Жэй Си Дэко Монголиа” компани нь Улаанбаатар хотын автобусны зогсоол болон гудамжны мэдээллийн байгууламжийг дэлхийн бусад метрополитон хотын байгууламжуудтай адил орчин үеийн шинэлэг байдлаар тохижуулан, олон улсын стандарт жишигт нийцсэн буудал хийж гүйцэтгэдэг. Одоогоор нийслэлд тус компанийн тохижуулсан 242 буудал байдаг.
Нийтийн тээврийн автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх боломжтойг харах электрон самбартай буудал 100 байдаг юм. Эдгээр самбарын мэдээлэл иргэдэд ойлгомжгүй, хэт удаашралтай, байршил нь буруу байгааг удирдах ажилтнууд онцолж, сайжруулахыг үүрэг болголоо. Самбараас хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт иргэд хэрхэн мэдээлэл авах талаар санал солилцож, үе шаттайгаар боломжийг олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нийтийн тээврээр зорчигчдоос сүүлийн үед Баянгол зочид буудлын автобусны буудлын орчимд иргэд осолд орж болзошгүй хүндрэлтэй байгаа тухай мэдээлэл ирсээр байна. Газар дээр нь очиход тус буудлын хажууд барьсан барилга гаднах фасадаа хийсэн атлаа түр хамгаалах хаалтаа буулгалгүй, буудал руу түрж хийснээс үүдэн иргэд автобус ирж буйг харах боломжгүй болгосон байна. Тиймээс Нийслэлийн Хяналт шалгалтын газартай хамтран ажиллан, компанид яаралтай мэдэгдэл хүргүүлж, иргэдийн аюулгүй, эрсдэлгүй орчинд үйлчлүүлэх боломж олгох ажлыг яаралтай хийхээр болов.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.