0

Яармаг-Хархорин чиглэлд хэрэгжиж буй дүүжин тээврийн төсөл 12 дугаар сарын 15-нд ашиглалтад орж, иргэд зорчиж эхлэхээр төлөвлөжээ. Одоогоор тус төслийн туршилт, тохируулгын ажил үргэлжилж байна.
Нийт 4.2 км урттай, хоёр өртөө бүхий дүүжин тээврийн шугам нь 98 кабинтай бөгөөд нэг цагт 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж. Зорчих тасалбарын үнэ 1500-2000 төгрөг байх талаар хотын дарга Б.Пүрэвдагва мэдээллэв.
Төслийг Францын “Poma” группийн мэргэжилтнүүд “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК-ийн багтай хамтран хэрэгжүүлж байгаа бол “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Максимал” ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж байна.
Туршилтын эхний шатанд таван кабин суурилуулж, дүүжин тээврийн системийн ажиллагааг шалгаж байгаа аж. Үүний дараа 96 кабинд тус бүр 750 кг жинтэй ус эсвэл шуудайтай элс байршуулан механик туршилт хийхээр төлөвлөжээ.
Мөн төслийг улсын комисс хүлээн авахаас өмнө Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерийн аудит хийж, системийн аюулгүй ажиллагаа болон техникийн үзүүлэлтэд үнэлгээ өгөх юм байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.