dobu.mndobu

Дуучин Лола Янг вейп хэрэглэсний дараа амьсгалахад хүндрэлтэй болсноо ярьжээ

Дуучин Лола Янг вейп хэрэглэсний дараа амьсгалахад хүндрэлтэй болсноо ярьжээ

Грэммигийн шагналт дуучин Лола Янг вейп болон тамхины хэрэглээний нөлөөгөөр амьсгалахад хүндрэлтэй болж буйгаа олон нийтэд хуваалцжээ.

25 настай дуучин TikTok хуудсандаа нийтэлсэн бичлэгтээ уушги нь “батерейгаар ажилладаг мэт” санагдаж, амьсгалах нь хүртэл хүнд хөдөлмөр болж байгаа талаар ярьсан байна.

Тэрбээр өмнө нь вейпийн хэрэглээгээ зогсоох хэрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан ч хамгийн сүүлийн бичлэгтээ энэ зуршлаасаа салахад амаргүй байгааг илэрхийлжээ.

Нэг хүн надад Лола, 25, 26 нас хүрээд вейп хэрэглэснийхээ үр нөлөөг мэдэрч эхлэх өдөр ирнэ гэж хэлж байсан. Би тэр үед үгүй гэж хэлээд нүдээ эргэлдүүлж байлаа. Гэхдээ тэр өдөр ирчихсэн байна” хэмээжээ. 

Лола Янг амьсгалах байдлаа тайлбарлахдаа “Миний уушги батерейгаар ажилладаг юм шиг, нэг том батерей шиг санагдаж байна. Амьсгална гэдэг хүнд ажил, хөдөлмөр мэт санагдаж байна” хэмээн хэлсэн байна.

Түүний ярьсан асуудалд дуу хоолойн дасгалжуулагч Лиззи Хиллс тайлбар өгөхдөө вейпийг уран бүтээлчдэд зөвлөдөггүйг онцолжээ. Түүний хэлснээр вейп нь уушги, амьсгалын зам, хоолойд нөлөөлж, улмаар дуучны амьсгалын хяналт болон дуу хоолойн техникт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

“Дуулахын тулд хяналттай амьсгалж, агаарыг тасралтгүй, үр дүнтэй гаргах шаардлагатай. Амьсгалахад хүндрэлтэй болсон үед өмнө нь гаргаж байсан үр дүндээ хүрэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог” гэж тэр тайлбарлажээ.

Мөн вейпийн хэрэглээ нь зөвхөн дуу хоолойд бус уушги, амьсгалын зам, хоолойд нөлөөлж болзошгүйг онцолсон байна.

Өнгөрсөн сард Хүүхдийн эмч, хүүхдийн эрүүл мэндийн хааны коллеж 80 гаруй судалгаанд дүн шинжилгээ хийж, вейпийн хэрэглээ нь амьсгалын замын асуудалтай холбоотой байж болохыг мэдээлсэн. Судалгаануудад амьсгаадах, ханиалгах зэрэг шинж тэмдэг болон амны хөндий, шүдний эрүүл мэнд, нойр, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг мөн дурджээ. 

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба вейп нь уламжлалт тамхи татахаас бага хор хөнөөлтэй гэж үздэг ч эрсдэлгүй биш бөгөөд цахим тамхины урт хугацааны нөлөөллийн талаар тодорхойгүй зүйл олон байгааг анхааруулдаг.

Лола Янг энэ оны эхээр “Messy” дуугаараа Грэммигийн шагнал хүртсэн юм. Тэрбээр өмнө нь тайзан дээр ухаан алдаж, улмаар таван сарын завсарлага авсан бөгөөд эрүүл мэнд, донтолт болон сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлынхаа талаар олон нийтэд нээлттэй ярьж байсан.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.