dobu.mndobu

Марк Руффало Трампыг шүүмжилж, сонгуулийн саналын эрхийг хамгаалахыг уриалав

Марк Руффало Трампыг шүүмжилж, сонгуулийн саналын эрхийг хамгаалахыг уриалав

Холливудын жүжигчин Марк Руффало АНУ-ын Нью-Йорк хотод ням гарагийн орой болсон “Санал өгөх эрхэд бүү халд” (Hands Off Our Vote) арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжилж, ирэх завсрын сонгуулиар иргэдийн санал өгөх эрхийг хязгаарлахыг оролдвол “Халк болж хувирна” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын завсрын сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд болох бөгөөд Конгрессын хяналтыг дахин авах боломж Ардчилсан намд бүрдэх эсэх, улмаар Трампын бодлогын хэрэгжилтэд хэрхэн нөлөөлөх нь улс төрийн гол анхаарлын нэг болоод байна.

Ням гарагийн жагсаал нь сонгогчдыг идэвхжүүлэх зорилготой байсан бөгөөд жүжигчин Роберт Де Ниро, хошин урлагийн жүжигчин Мо Амер нар мөн оролцож, үг хэлжээ. Тайзан дээр гарсан Руффало “Энэ сонгууль үнэхээр чухал. Маш их зүйл шийдэгдэнэ. Бид тэднийг ялна гэдгээ мэдэж байгаа.

Гэхдээ тэд сонгуулийн үр дүнг өөрчлөхийг оролдоно гэдгийг ч мэдэж байна. Тэд өөрсдийн боломжтой бүхнийг хийх бөгөөд бид ялсан шөнөөр энэ бүхэн дуусахгүй” хэмээн ярьсан байна. Тэрбээр сонгуулийн кибер аюулгүй байдлын асуудлыг мөн хөндөж, технологийн тэрбумтан Илон Маскийг нэрлэн дурджээ.

Руффалогийн хэлснээр, санал хураалтын байруудаас орон нутгийн сонгуулийн байгууллагууд, улмаар мужийн түвшинд саналын мэдээлэл дамжуулах явцад аюулгүй байдлын эмзэг байдал үүсэх эрсдэл бий аж.

Тэрбээр энэ асуудлыг анхааралдаа авч, санал хураалтын системийн аюулгүй байдлыг шалгаж, сонгуулийн үр дүнг дотоодын болон гадаадын аливаа хөндлөнгийн оролцооноос хамгаалахын төлөө ажилладаг “Free Speech for People” байгууллагын үйл ажиллагааг дэмжихийг уриалжээ.

Үүний дараа Руффало Трампын бодлогыг шүүмжилж, түүнийг албан тушаалаас нь буулгаж, бодлогыг нь зогсоох шаардлагатай гэж мэдэгдсэн байна. “Бид түүний бодлогыг одоо зогсоох хэрэгтэй. Дахиад хоёр жил ийм байдал үргэлжилбэл юу болохыг хэн ч мэдэхгүй.

Тэр Ардчилсан намынхныг улсаас хөөх тухай ярьж байна. Бид одоо бууж өгч болохгүй. Трамп аа, бид санал өгөх эрхээ хамгаална. Бидний саналд бүү халд!” хэмээн тэрбээр хэлжээ. Энэ үеэр үзэгчдийн дундаас нэгэн хүн “Халк аа, тэдэнд хэлээд өг!” хэмээн хашхирсан байна. Үүнийг сонссон Руффало инээмсэглэн, “Би Халк болж хувирна.

Уурласан үед минь та нар надад дургүй болно” гэж хариулжээ. Энэ нь түүний “Marvel” кино ертөнцөд ногоон аварга Халкийн дүр бүтээдэгтэй холбоотой байв. Жүжигчин үгийнхээ төгсгөлд иргэдийг айдаст автахгүй, бусдыг дэмжиж, зоригтой байж, сонгуульд идэвхтэй оролцохыг уриалжээ. Тэрбээр эрх баригчид хүмүүсийг гэртээ үлдээж, өөрсдийгөө хүчгүй, найдваргүй мэт мэдрүүлэхийг оролдож болох ч үүнийг зайлшгүй болох зүйл мэт хүлээн авч болохгүй хэмээн онцолсон байна.

Марк Руффало улс төр, нийгмийн асуудлаар байр сууриа илэрхийлдгээрээ танигдсан жүжигчин юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Paramount болон Warner Bros. компаниудыг нэгтгэх хэлцлийг шүүмжилж, уг нэгдэл нь уран бүтээлийн эрх чөлөөг хязгаарлаж, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын ажлын байранд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж мэдэгдэж байжээ.

Мөн наймдугаар сарын сүүлээр Руффало “Instagram” хуудсандаа Oracle компанийн технологийг Израилийн армид ашигласан тухай асуудлыг хөндсөн бичлэг нийтэлж, уг технологийн компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоныг эрх мэдэл, хөрөнгийг цөөн хүний гарт төвлөрүүлдэг олигархтай зүйрлэсэн байна.

Үүний хариуд Paramount компани түүнийг антисемит үзэлтэй холбоотой хэвшмэл ойлголт ашигласан хэмээн буруутгаж, еврейчүүдийн эрх ашгийг хамгаалдаг зарим байгууллага ч шүүмжилжээ. Харин Руффало уг буруутгалыг няцааж, үүнийг “үнэхээр жигшүүртэй бөгөөд үндсээрээ шударга бус” хэмээн тодорхойлсон байна.

Paramount болон Warner Bros.-ийн нэгдэл батлагдсаны дараа Руффало дахин эсэргүүцлээ илэрхийлж, уг хэлцэл нь уран бүтээлийн эрх чөлөөг боомилж, ажилтнуудын ажлын байрыг цөөрүүлэх эрсдэлтэй гэж мэдэгджээ. Тэрбээр хэлцлийг зогсоохын төлөө нэгдсэн иргэдийн хөдөлгөөн цаашид ч үргэлжилнэ хэмээн онцолсон байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.