0

Америкийн алдарт реппер Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан Дуэйн “Кеффе Ди” Дэвис 40 жилийн хорих ял оноолоо. Түүний хэргийг 1996 онд үйлдэгдсэн хэргээс хойш бараг 30 жилийн дараа шүүхээр шийдвэрлэж байна.
63 настай Дэвис нь “Southside Compton Crips” бүлэглэлийн хуучин удирдагч бөгөөд 2026 оны наймдугаар сарын 31-нд нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт буруутай нь тогтоогджээ. Тэрбээр Шакурын амийг хөнөөсөн хэрэгт яллагдсан цорын ганц хүн юм.
Шүүхийн тогтоолоор Дэвис өөрөө буудсан гэж үзээгүй ч аллагыг зохион байгуулсан гэж прокурорууд мэдүүлсэн байна. Хэргийн өмнө Шакурын хүрээллийнхэн Дэвисийн зээ хүү Орландо Андерсонтой Лас Вегас дахь MGM Grand зочид буудалд зодолдсон бөгөөд үүний дараа өшөө авах зорилгоор халдлага үйлдсэн гэж үзжээ.
1996 оны есдүгээр сарын 7-нд Шакур продюсер Мэрион “Сьюж” Найтын хамт автомашинаар явж байхдаа буудуулсан юм. Тэрбээр дөрвөн суманд оногдож, зургаан хоногийн дараа буюу есдүгээр сарын 13-нд 25 насандаа нас барсан байна.
Бараг 30 жилийн турш шийдэгдээгүй байсан хэргийн мөрдөн байцаалтад Дэвисийн өөрийнх нь ярилцлага, мэдүүлэг болон 2019 онд хэвлүүлсэн дурсамж ном чухал нотлох баримт болжээ. Өмнө нь цагдаа нарт өгсөн ярилцлага болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа хэргийн талаар ярьж байсан бөгөөд шүүх тэдгээр мэдүүлгийг нотлох баримтаар хүлээн авсан байна.
Шүүх хурлын үеэр Шакурын эгч Секиива Шакур ахынхаа үхэл гэр бүлд нь асар их сэтгэл санааны гарз учруулсныг ярьж, түүнийг зөвхөн алдарт уран бүтээлч төдийгүй гэр бүлийнхнийхээ түшиг тулгуур байсан хэмээн дурсжээ.
Шакурын дүү Морис Дэвист хамгийн хатуу ял оноохыг хүссэн байна.
Тупак Шакур 1990-ээд оны хип-хоп хөгжмийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг байсан юм. Түүний үхэлтэй холбоотой хэрэг бараг гучин жилийн турш олны анхаарлыг татсаар ирсэн бөгөөд ийнхүү Дэвис ял авснаар уг аллагын хэргээр шүүхэд татагдан, ял шийтгүүлсэн анхны бөгөөд цорын ганц хүн болж байна.
Хуваалцах:
Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан Дуэйн Дэвист 40 жилийн хорих ял оноолоо
12 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.