0

Тэрбээр ил захидалдаа, МАН 105 жилийн түүхэндээ улс орны хөгжил дэвшил, үндэсний эрх ашиг, ард түмний сайн сайхны төлөө зүтгэж ирснийг онцлоод, сүүлийн жилүүдэд зарим албан тушаалтны хувийн болон бүлэг, фракцын эрх ашиг давамгайлснаар нам иргэд, сонгогчид, гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдахад хүрснийг тэмдэглэжээ. Ийм нөхцөлд МАН-ын дарга Н. Учралын дэвшүүлсэн “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн зорилгыг бодит ажил хэрэг болгохын тулд намын бүтэц, тогтолцоо, шийдвэр гаргах үйл явц, хариуцлагыг шинэчлэх шаардлагатай байгааг Г. Занданшатар онцолсон байна.
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Г. Занданшатар төр, намын удирдлагад олон жил ажилласан хүний хувьд өнгөрсөн хугацааны алдаа, онооны хариуцлагыг өөрөө ч үүрэлцэх ёстойг хүлээн зөвшөөрч, шинэчлэлийг бусдаас шаардахаасаа өмнө өөрөөсөө эхлүүлэх зарчмыг ил захидалдаа дэвшүүлжээ. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж хулгай, худалтай эвлэрэхгүй тэмцэх саналаа танилцуулжээ. Тэрбээр улс төрийн шинэчлэл, иргэдийн оролцоо, зөвлөлдөх ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр салбар бүрийн залуусын санаачилгаар байгуулагдсан “Реформ” клуб болон “Нэг Монгол” хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Аравдугаар сарын 4-нд 100 гаруй залуу нэгдэн “Реформ” клуб байгуулснаа зарласан бөгөөд тус клуб “Нэг Монгол” хөдөлгөөнтэй хамтран өргөжиж, 1000 гаруй иргэнийг оролцуулсан уулзалт зохион байгуулжээ. Уг уулзалтад Г. Занданшатар урилгаар оролцож, улс төрийн шинэчлэлийн асуудлаар илтгэл тавин хэлэлцүүлсэн юм. Мөн эдгээр уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд “Иргэдээ сонсъё” 100 хоногийн зөвлөлдөх аяныг эхлүүлснээ онцолсон байна.
МАН-ын шинэчлэлийн гурван чиглэл, бодит 6 алхам.
Г.Занданшатар улс төрийн шинэчлэлийг өөрийн намаас эхлүүлж, дараах 3 чиглэлээр зургаан өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг МАН-ын дарга Н. Учралд санал болгожээ. Үүнд:
Иргэд гишүүдийн саналыг үндэслэн нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ-ын гишүүн, сайд даргад нэр дэвшүүлдэг болгох
1.Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй эвлэрдэггүй тэмцдэг нам болох, намын санхүүжилт, хандив, зарцуулалтыг ил тод болгож, албан тушаал харгалзахгүй хариуцлага тооцдог тогтолцоо бүрдүүлэх.
2. Иргэдийн саналыг бодит шийдвэр болгохын тулд иргэдийн санал, шүүмжлэл, санаачилгыг намын болон төрийн бодлогод тусгаж, хэрэгжилтийг ил тод тайлагнах.
3.Намын гишүүдийн оролцоог бодит эрх мэдэл болгохын тулд гишүүдийн санал шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх боломжийг нэмэгдүүлж, нэр дэвшүүлэлт, томилгооны шалгуурыг нээлттэй болгох.
4.Залуучуудад нээлттэй нам болохын тулд тэднийг бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад бодитоор оролцуулах.
5.Чадвартай, шударга хүмүүст тэгш боломж олгохын тулд танил тал, бүлэг фракцын харьяаллаас үл хамааран мэдлэг чадвар, ёс зүй, ажлын үр дүнд тулгуурлан үнэлдэг тогтолцоо бүрдүүлэх.
6. Гишүүн бүрийн оролцоог хангасан цахим нам болохын тулд гишүүд санал гаргах, хэлэлцүүлэгт оролцох, шийдвэрт санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих боломжтой нэгдсэн цахим орчин бий болгох.
Тэрбээр дээрх саналуудыг намын эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлж, хэрэгжүүлэх төлөвлөгөө, хариуцах эзэн, хугацааг тодорхойлон намын гишүүдэд нээлттэй зарлахыг МАН-ын дарга Н. Учралаас хүссэн байна.
Шинэчлэлийн үр дүнг бодит өөрчлөлтөөр хэмжинэ
Г.Занданшатар намын шинэчлэлийг зөвхөн удирдлага, боловсон хүчний өөрчлөлтөөр хязгаарлах бус, шударга дүрэм, ил тод байдал, хариуцлагад суурилсан тогтолцоо бүрдүүлэх замаар хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ. Мөн намдаа тавьж буй шаардлагыг өөрөө дагаж мөрдөн, иргэдийн санал, шүүмжлэлийг бодит өөрчлөлт болгохын төлөө биечлэн манлайлан ажиллахаа илэрхийлсэн байна. Түүний үзэж буйгаар шинэчлэлийн үр дүнг хурал, тайлангийн тоогоор бус, намын гишүүдийн санал шийдвэрт нөлөөлж байгаа эсэх, чадвартай хүмүүст шударга боломж нээгдсэн эсэх, иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодит ахиц гарсан эсэхээр хэмжих ёстой хэмээв.
Ил захидлын төгсгөлд Г. Занданшатар:
“Иргэдээ сонсъё. Иргэдтэйгээ зөвлөлдье. Өөрчлөлтийг өөрсдөөсөө, өөрийн намаас эхэлье. Шинэчлэлээ шударга дүрмээр баталгаажуулж, бодит үр дүнгээр иргэдийнхээ итгэлийг эргүүлэн олъё. Ардын нам ард түмэндээ эргэн ирье” хэмээн уриалжээ. Энэхүү санаачилга нь иргэдийн оролцоо, зөвлөлдөх ардчилал, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх замаар улс төрийн шинэчлэлийг бодит ажил хэрэг болгоход чиглэж байна гэжээ.
Санаачлагч: “Нэг Монгол” ТББ, “Реформ” клуб
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.