0

Дуучин, жүжигчин Селена Гомез никотинтой электрон тамхи их хэмжээгээр хэрэглэдэг байсан нь дуу хоолойг нь өөрчилсөн хэмээн ярьж, уг зуршлаас гарах гэж буйгаа мэдэгджээ.
Тэрбээр ням гарагт Instagram хуудсандаа нийтэлсэн бичлэгтээ никотиноос хамааралтай болох, хэрэглээгээ зогсоох ямар хэцүү байдгийг хуваалцсан байна.
“Никотиноос гарах үнэхээр хэцүү. Хэрэв та электрон тамхи хэрэглэдэг эсвэл хэрэглэж эхлэх гэж байгаа бол энэ нь огт үнэ цэнгүй гэдгийг хэлмээр байна. Би никотинтой электрон тамхи их хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь миний дуу хоолойг өөрчилсөн” гэж тэрбээр хэлжээ.
Мөн электрон тамхины хэрэглээгээ зогсоож чадсандаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашид энэ шийдвэртээ үнэнч байж чадна гэж найдаж буйгаа дурдсан байна.
Гомез өмнө нь ч дуу хоолой нь өөрчлөгдөж буй талаар ярьж байжээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Instagram дахь асуулт, хариултын үеэр хоолойн дотор хэсэг нь заримдаа хавддаг тухай дурдсан юм. Гомез чонон яр хэмээх архаг аутоиммун өвчтэй бөгөөд уг өвчний сэдрэлийн үед төвөнхийн орчимд үрэвсэл үүсэж, хоолой сөөнгө болох, дуу гаргахад хүндрэлтэй болох шинж тэмдэг илэрч болдог. Гэхдээ түүний дуу хоолой өөрчлөгдсөн шалтгааныг зөвхөн электрон тамхины хэрэглээтэй холбон дүгнэх боломжгүй юм.
Электрон тамхины урт хугацааны нөлөөллийг судалсаар байгаа ч никотин агуулсан бүтээгдэхүүн донтуулах эрсдэлтэй. Мөн электрон тамхины хэрэглээ ханиалгах, амьсгалын замын зовиур болон бусад эрүүл мэндийн асуудалтай холбоотой байж болзошгүйг судалгаануудад дурджээ.
Селена Гомез 2015 онд чонон яр өвчтэй гэдгээ олон нийтэд анх мэдэгдэж байсан бол 2017 онд найз Франсиа Райсагаас бөөр шилжүүлэн суулгуулсан юм. Түүний никотины хэрэглээний талаарх илэн далангүй яриаг олон шүтэн бишрэгч нь дэмжиж, донтох зуршлаас гарах амаргүй байдлыг хүлээн зөвшөөрөн, хэрэглээгээ зогсоохоор шийдсэнд нь баяр хүргэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.