0

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон хэргийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээр аравдугаар сарын 29-нд хэлэлцэнэ.
Тодруулбал, анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан юм. Хохирогч охины ээж Г.Отгонтуяа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, давж заалдсан ч шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар эцсийн хувилбар болох дээд шүүхэд хандаад буй.
Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхээс дараах мэдэгдлийг гаргасан байна.
Мэдэгдэлд,
"Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхтэй холбоотойгоор дараах мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсэгт “Төрийн нууцад хамаарах хэрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд ХААЛТТАЙ явуулахаар тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаан нээлттэй байна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч, гэрч, өсвөр насны хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогч, гэрч, өсвөр насны хүн, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу насанд хүрээгүй хохирогч, хэргийн оролцогчдын хууль ёсны эрхийг хангах үүднээс Ц.Давгадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хаалттай хянан хэлэлцсэн бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаан мөн хаалттай явагдах юм.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дахь зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно” гэж заасны дагуу тухайн хэргийн шийдвэрийг шууд дамжуулан мэдээлэх бөгөөд шийдвэр гарсны дараа олон нийтийг мэдээллээр хангах үүднээс Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудсаар шүүхийн шийдвэрийн тоймыг нийтлэх болно" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.