0

Дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааны шалгалт 750 кг жинтэй ачаа бүхий кабины туршилтаар маргааш үргэлжилнэ. Энэ хүрээнд системийн моторын тоормос болон аюулгүйн тоормосуудыг зориудаар ажиллуулах юм. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсолт хийх зэрэг тохиолдол гарна. Энэ бол системийн аюулгүй ажиллагааны туршилтын нэг хэсэг гэдгийг “Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер тодотголоо. Тэрбээр мөн “Надаас ярилцлага авч буй хүмүүсийн асуулт болон олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллээс харахад гэнэтийн эвдрэл, гэмтэл осолд нэлээдгүй санаа зовж байгаа нь анзаарагдаж байна. Бид дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн, мөн зуны улиралд хэт халуун уур амьсгалтай улс орнууд зэрэг эрс тэс уур амьсгалтай улсуудад хэрэгжүүлж байсан. Эдгээр улсад ямар нэгэн аюул осолгүйгээр системүүд өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байна. Манай төслийн бүх ажил стандартын дагуу, шат дараатай хийгдэж байгаа бөгөөд эхний туршилтууд амжилттай явагдаж байна. Ачаатай буюу 750 кг-ийн даац бүхий кабины туршилтуудыг амжилттай дуусгаснаар төслийн ажил маань дуусах шатандаа орно. Тиймээс та бүхэн ямар нэгэн зүйлд санаа зоволгүй, манай дүүжин замын тээврээр үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна” гэв.
Ган татлага мөствөл яах вэ?
Мөн тэрбээр “Ган татлага дээр мөс тогтвол яах вэ гэж нэлээдгүй асууж байна. Мөс, цасыг гар аргаар хайлуулах, зайлуулах боломжгүй. Учир нь тээврийн ган тросс нь байнгын хөдөлгөөнтэй ажилладаг тул нэг цэг дээр тогтмол хөлдөж, зузаан мөс тогтох боломжгүй. Мөн буудлын хэсгээр тросс нь эргэлдэн хөдөлж байх явцад дамрын үрэлтээс тодорхой хэмжээний дулаан ялгаруулдаг нь мөс тогтохоос сэргийлэх чухал хүчин зүйл болдог. Пома групп нь Монголтой ижил, мөн Монголоос ч хүйтэн цаг агаартай улс орнуудад ийм системийг барьж ашиглалтад оруулсан” гэв.
Тог тасарвал яах вэ?
“Ган татлагад кабин явж байх үед цахилгаан тасарвал нөөц генератор ажиллана. Жишээлбэл, кабинууд ган татлага дээр тог тасарч зогсвол нөөц генератор ажиллаж зорчигчдыг буудалд хүргэнэ. Үйлчлүүлэгчдийг сандаргахгүйн тулд бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай мэдээллийг уг холбоогоор дамжуулан зорчигчдод шуурхай зөвлөмж мэдээлэл өгнө. Нөөц генаратор ажилласнаар үйлчлүүлэгчдийг зогсоол дээр аюулгүй хүргэнэ” хэмээн тодотголоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.