dobu.mndobu

Яллагдагч С.Магнайсүрэн Аудитын байгууллагыг удирдах нь зөв үү

0

НийтлэлчAdmin

Огноо2026-11-03

Яллагдагч С.Магнайсүрэн Аудитын байгууллагыг удирдах нь зөв үү

Монголд дарга анги нэгэнт бий болчихсон. Даргын заяанд төрсөн гэмээр хүмүүс төрийн өндөр албыг унаа тэрэг шигээ сэлгэх болсон. Үүний нэг жишээ нь Аудитын ерөнхий газрын дарга буюу Монгол Улсын Ерөнхий аудитор Сандагийн Магнайсүрэн юм. 

Тэрбээр 1997 оноос төрийн болон боловсролын байгууллагад ажиллаж эхэлсэн бөгөөд төрийн захиргааны төв байгууллага, Улсын Их Хурлын Тамгын газар болон хэд хэдэн яаманд удирдах албан тушаал хашиж иржээ.

Түүний ажилласан байдлыг он цагийн дарааллаар авч үзвэл:

  • 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч;
  • 1999-2000 онд Улсын Их Хурлын гишүүний туслах;
  • 2000-2005 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх;
  • 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга;
  • 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх;
  • 2007-2008 онд Сангийн яамны газрын дарга;
  • 2008-2013 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга;
  • 2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
  • 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;
  • 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдсон бөгөөд төрийн аудитын байгууллагыг удирдан ажиллаж байна.

С.Магнайсүрэн төрийн захиргааны болон улс төрийн өндөр албан тушаалтнуудад ойр ажиллаж ирсэн бөгөөд УИХ-ын Тамгын газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг байгууллагад удирдах албан тушаал хашсан туршлагатай.

Гэвч түүний төрийн албанд ажилласан замналын зэрэгцээ Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон асуудал нь олны анхаарлыг татдаг. Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдан шүүхэд шилжсэн бөгөөд анхан шатны шүүхээс цагаатгах шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Улмаар 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Дээд шүүх түүний өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байдаг. Тиймээс түүнийг хэрэг анхан шатны шүүх рүү буцаасан байдаг. 

С.Магнайсүрэнгийн төрсөн нутаг Говь-Алтай аймаг. Түүнийг томилогдоход УИХ-ын даргаар  ажиллаж байсан Д.Амарбаясгалан мөн Говь-Алтайнх. Жилийн өмнө түүний томилгоо УИХ-аар орж ирэхэд “Спикер Аудитад өөрийн хүнээ тавилаа” хэмээн шуугиж байсан юм. 

Төрийн аудитын байгууллага нь төсвийн хөрөнгө, төрийн өмчийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавьдаг, хараат бус байх зарчимд тулгуурласан чухал байгууллага учраас Ерөнхий аудиторын хувьд хууль дээдлэх ёс, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх байдал чухал. Харамсалтай нь Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан С.Магнайсүрэн яам бүрийн Төрийн нарийн бичгийн даргын суудлыг сэлгэн талхилсаар Ерөнхий аудитор болчихсон сууж байна. Тиймээс Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан түүний гарт Төрийн аудитын тамга байна гээд бод. Шударга ёсыг С.Магнайсүрэнгээс асуумаар байна. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.