0

IU, Byeon Woo-seok нарын гол дүрд нь тоглосон “Perfect Crown” олон ангит кино үзэгчдийн өндөр хандалт авч, рейтингээрээ амжилт үзүүлсэн ч салбарын мэргэжилтнүүдийн дунд явуулсан санал асуулгаар 2026 оны хамгийн муу цувралаар тодорчээ.
БНСУ-ын “JoyNews24” хэвлэл мэдээллийн хэрэгсэл 22 жилийн ойгоо тохиолдуулан энтертайнмент, телевизийн салбарын 142 мэргэжилтний дунд санал асуулга явуулсан байна. Санал асуулгыг өнгөрсөн сарын 15-21-ний хооронд зохион байгуулж, дүнг арваннэгдүгээр сарын 2-нд танилцуулжээ.
Санал асуулгаар MBC телевизийн “Perfect Crown” цуврал 45 санал авч, хамгийн муу цувралын жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин Netflix-ийн “The Scandal” болон “Our Sticky Love” цувралууд тус бүр есөн санал авч удаалжээ. Ийнхүү “Perfect Crown” дараагийн байрт бичигдсэн бүтээлүүдээс 36 саналаар илүү гарсан байна.
Сонирхолтой нь, тус цуврал үзэгчдийн рейтингээр өндөр амжилт үзүүлж, оргил үедээ 13.8 хувьд хүрсэн юм. Мөн IU, Byeon Woo-seok нарын хамтын дүр бүтээлт үзэгчдийн хүлээлтийг нэмэгдүүлж, Disney+ платформоор олон улсад цацагдсан нь анхаарал татаж байв. Цувралын нийт төсвийг 30 тэрбум орчим вон гэж тооцоолжээ.
Гэвч түүхэн бодит байдлыг гажуудуулсан гэх шүүмжлэл тус бүтээлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн байна. Тухайлбал, хаан ширээнд залах ёслолын үеэр хаан есөн унжлагатай ёслолын титэм өмссөн, түшмэд нь “Эзэн хаан мандтугай” хэмээн хашхирч буй хэсгүүд үзэгчдийн шүүмжлэл дагуулжээ. Үзэгчдийн зарим нь эдгээр дүрслэл түүхэн үнэнээс зөрсөн төдийгүй тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үл хүндэтгэсэн мэт харагдаж байна хэмээн шүүмжилсэн аж.
Үүнтэй холбоотойгоор цувралын уран бүтээлчид тавдугаар сарын 16-нд албан ёсны цахим хуудсаараа дамжуулан уучлал хүссэн байна. Мөн гол дүрийн жүжигчид IU, Byeon Woo-seok нар ч үзэгчдээс уучлалт гуйжээ. Түүнчлэн цувралыг эфирээс хасах, агуулгыг нь цуцлахыг шаардсан олон нийтийн өргөдөл гарч байсан юм.
Харин хамгийн муу цувралын жагсаалтын дөрөвдүгээр байрт tvN телевизийн “Four Hands, Two Sonatas” болон TV Chosun телевизийн “Doctor Shin” тус бүр найман санал авч бичигджээ. “Doctor Shin” цувралын төгсгөлд эрэгтэй гол дүрийн тархийг ретривер үүлдрийн нохойд шилжүүлэн суулгаж буй үйл явдал үзэгчдээс ихээхэн шүүмжлэл авч байсан байна.
Санал асуулга нь нийт үзэгчдийн бус, телевиз, энтертайнмент салбарын 142 мэргэжилтний байр суурийг илэрхийлж байгаагаараа онцлог юм. Гэсэн ч үзэгчдийн рейтингээр амжилттай байсан “Perfect Crown” салбарынхны үнэлгээгээр оны хамгийн муу цувралаар тодорсон нь олны анхаарлыг татаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.