dobu.mndobu

Х.Нямбаатар явж, Б.Пүрэвдагва үүрээ заслаа

Х.Нямбаатар явж, Б.Пүрэвдагва үүрээ заслаа

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар үлдсэн сүүлчийн улс төрийн албан тушаалаа өнгөрсөн ням гарагт Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвад шилжүүллээ. Шилжүүллээ ч гэж дээ, Д.Сумъяабазараар дамжуулан өгүүлэв. Гурван жилийн өмнө намын хорооны даргын суудлыг хадган дээр тамгатай нь гардан авч байсан Х.Нямбаатар энэ удаа харин тамгаа гардаж өгөхдөө Канадад байж таарав.

Тэрбээр намын хорооны хуралдаа цахимаар оролцож, улс төрөөс түр хугацаанд завсарлага авахаа мэдэгдсэн талаар намынхан нь ярьж байна. Гэхдээ энэ нь АТГ-аас яллагдагчаар татсан нөхцөл байдалтай холбоотой завсарлага гэдгийг бүгд мэдэж байна. Ямартай ч Х.Нямбаатарын хувьд нийслэлийн МАН-ын хорооны даргын алба ард хоцорч, харин түүний оронд Б.Пүрэвдагвын улс төрийн шинэ үе эхэллээ.

МАН-ынхан дотооддоо нэгэнт багцалсан саналаа нэг мөр болгож, Б.Пүрэвдагвыг өрсөлдөгчгүйгээр Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгов. Ингэснээр нийслэлийн утаа, түгжрэл, хот төлөвлөлт, дэд бүтэц гээд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдсан асуудлуудын улс төрийн хариуцлага түүн дээр төвлөрлөө. Үүгээр ч зогсохгүй 2027, 2028 оны улс төрийн сонгуулийн өмнөх нийслэлийн МАН-ын сонгуулийн үр дүн шинэ даргын нэртэй шууд холбогдоно. Товчхондоо, гай, гавьяа хоёроо тэр хүлээж авлаа гэсэн үг. 

Ийнхүү Канадыг зорьсон Х.Нямбаатарын оронд 36 настай Б.Пүрэвдагва нийслэлийн МАН-ын хорооны даргын суудалд тухалж, улс төрд өөрийн үүрийг заслаа. 

Х.Нямбаатарын оронд ирсэн Б.Пүрэвдагва түүнээс зөвхөн тамгыг нь өвлөөд зогсохгүй, нийслэлийн улс төрийн ачааг үүрэх болно. Харин тэр ачааг бодлого, үр дүнгээр дааж чадахгүй бол улс төрийн салхи түүнийг ч мөн адил өөр тийш хийсгэж мэднэ. Нэртэй, зүстэй Хотын дарга болж үлдэх үү, шувуу болоод нисэх хэмжээний дарга байх уу гэдгээ тэр өөрөө л шийднэ дээ. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.