dobu.mndobu

Австралийн ойд төөрсөн аутизмтай 17 настай хүүг эсэн мэнд олжээ

Австралийн ойд төөрсөн аутизмтай 17 настай хүүг эсэн мэнд олжээ

Австралийн зүүн хэсгийн ой модтой бүсэд зургаан хоногийн турш сураггүй болсон аутизмын хүрээний эмгэгтэй 17 настай хүүг эсэн мэнд олжээ.

Цагдаагийн мэдээлснээр Уильям нэртэй хүү өнгөрсөн баасан гарагт Мельбурн хотоос зүүн тийш 185 километрийн зайд орших хуучин алт олборлолтын суурин Валхалла орчимд найзынхаа хамт зусланд гарсан байна. Гэвч зуслангийн газраас холгүйхэн нэмэлт хэрэгсэл авахаар явсан хүү эргэж ирээгүй аж.

Түүнийг эрэн хайх ажиллагаанд цагдаагийн алба хаагчид, онцгой байдлын ажилтнууд болон сайн дурын 100 гаруй хүн оролцжээ.

Улмаар пүрэв гарагт цагдаагийн нисдэг тэрэгний багийнхан түүнийг горхины эрэгт байрлах хавтгай чулуун дээр унтаж байхад нь олсон байна. Тухайн үед хүү цамцгүй, наранд түлэгдсэн байсан бөгөөд алчуураар хучиж дулаацаж байжээ.

Нисдэг тэрэгний дуугаар сэрсэн Уильям аврагчдад эрхий хуруугаа гозойлгон дохио өгч, улмаар нисдэг тэргээр аюулгүй газарт хүргэгдсэн байна.

Цагдаагийн мэдээлснээр хүү зургаан өдрийн турш эгц, бартаатай уулархаг газраар өгсөж уруудан явсан бөгөөд олдсон газраасаа зуслангийн байр хүртэл ойролцоогоор хоёр километрийн зайтай байжээ. Харин сүүлийн хоёр өдрийг горхины эрэгт өнгөрүүлсэн аж.

Хүүг олсны дараа ээжтэй нь уулзуулж, биеийн байдлыг нь хянуулахаар эмнэлэгт хүргэсэн байна. Түүний биеийн байдал харьцангуй сайн, сэтгэл санаа өөдрөг байсан талаар цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Уильямын гэр бүлийнхний мэдээлснээр тэрээр аутизмын хүрээний эмгэгийн хоёрдугаар түвшний оноштой бөгөөд өдөр тутмын амьдралдаа тодорхой хэмжээний дэмжлэг шаарддаг байна.

Хүүгийн ээж Элизабет хүүгээ эсэн мэнд олдсонд туйлын их баяртай байгаагаа илэрхийлээд, “Тэр дахиж хэзээ ч гэрээсээ гарахгүй. Насан туршдаа гэрийн хорионд байна” хэмээн хошигнон ярьжээ.

Ийнхүү зургаан өдрийн турш үргэлжилсэн эрэн хайх ажиллагаа хүүг эсэн мэнд олсноор аз жаргалтайгаар өндөрлөсөн байна.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.