dobu.mndobu

Ким хэл ам дагуулсан "advent calendar"-ын мөнгийг хэрэглэгчдэд буцаан олгож эхэлжээ

Ким хэл ам дагуулсан "advent calendar"-ын мөнгийг хэрэглэгчдэд буцаан олгож эхэлжээ

АНУ-ын алдарт бизнес эрхлэгч, реалити шоуны од Ким Кардашианы үүсгэн байгуулсан SKIMS брэнд баярын өдрүүдэд зориулан худалдаанд гаргасан 148 ам.долларын үнэтэй “Advent Calendar” бүтээгдэхүүндээ олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл хүртсэний дараа худалдан авагчдад мөнгийг нь бүрэн буцаан олгох эсвэл дэлгүүрийн эрхийн бичиг өгөх шийдвэр гаргажээ.

Тус бүтээгдэхүүн нь баярын өдрүүдийг тоолох зориулалттай, 12 тасалгаатай бэлгийн хуанли бөгөөд дотроо үсний боолт, үсний хавчаар, үсний даруулга, түлхүүрийн оосор зэрэг жижиг хэрэгслүүдийг багтаасан байна.

Гэвч худалдан авагчид бүтээгдэхүүнийг задалж, доторх зүйлсийг цахим орчинд хуваалцсанаар шүүмжлэл эхэлжээ. Тэд 148 ам.долларын үнэтэй бүтээгдэхүүний агуулга нь төлсөн мөнгөндөө хүрэхгүй, хэтэрхий энгийн, хямд үнэтэй зүйлсээр дүүрсэн гэж үзсэн байна.

Ялангуяа TikTok платформд нийтлэгдсэн нэгэн задлах бичлэг 60 гаруй сая үзэлт авч, олон нийтийн анхаарлыг татжээ. Хэрэглэгчид уг хуанлийн доторх зүйлсийг буйдангийн завсар, машины суудлын доороос олддог үсний боолт, жижиг хэрэгслүүдтэй зүйрлэн хошигносон байна. Зарим нь бүр “Энэ бүхнийг 148 ам.доллараар худалдаж авна гэдэг итгэмээргүй юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Үүссэн шүүмжлэлийн дараа SKIMS брэнд бүтээгдэхүүнийг худалдан авсан бүх хэрэглэгчтэй холбогдож, хоёр сонголт санал болгосон байна. Тодруулбал, бүтээгдэхүүнийг буцааж өгсөн тохиолдолд төлсөн мөнгийг бүрэн буцаан авах, эсвэл бүтээгдэхүүнийг өөртөө үлдээн 150 ам.долларын дэлгүүрийн эрхийн бичиг авах боломжтой болжээ.

 

Брэндийн төлөөлөгчийн мэдээлснээр, зарим хэрэглэгчийн хувьд уг бүтээгдэхүүн хүлээлтэд нь хүрээгүйг ойлгож байгаа бөгөөд хэрэглэгчдийн санал хүсэлтийг цаашдын бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд харгалзан үзэх аж.

 

Мөн уг бүтээгдэхүүнийг SKIMS-ийн албан ёсны цахим дэлгүүрээс худалдаалахгүй болгосон талаар хэвлэлүүд мэдээлжээ.

 

Ийнхүү өндөр үнэтэй баярын бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн хүлээлтэд хүрээгүйн улмаас дэлхийд танигдсан загварын брэндийн хувьд ч цахим орчны шүүмжлэл, хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар чухал болохыг харуулсан тохиолдол болж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.