0

Үндэсний өв уламжлал, гэр бүлийн соёл, удмын түүхээ хадгалан хамгаалах, угийн бичиг хөтлөх үйл ажиллагааг насан туршийн суралцахуйн хүрээнд цахим системээр хэрэгжүүлэх зорилготой сургагч багш бэлтгэх цахим сургалт 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Насан туршийн суралцахуйн 30 төвөөс тус бүр 2 багш, албан хаагч (60), мөн төв тус бүрийн захирал, сургалтын менежер (60) буюу нийт 120 албан хаагч хамрагдав.
Сургалтаар орон нутгийн иргэдэд угийн бичиг хөтлөх арга зүй, цахим системийн хэрэглээ, купон код олгох талаар сургалт зохион байгуулах мэдлэг, ур чадвар эзэмшүүлж, www.ugiinbichig.mn цахим хуудас болон “Ugiinbichig.mn” гар утас, Windows аппликейшний үндсэн боломж, хэрэглээг танилцууллаа.
Мөн дараах чиглэлээр дадлага ажил хийв. Үүнд:
Угийн бичгийг цахим хэлбэрээр хөтлөх, эцэг эхийн хоёр талын удам угсааны мэдээллийг бүртгэх;
Төрөл садны холбоог тогтоох, ургийн мод үүсгэх;
Гэр бүлийн гишүүдийн намтар, гэрэл зураг, түүхэн дурсамжийг баталгаажуулан хадгалах аргачлал.
Угийн бичиг нь гэр бүлийн үнэт өв, үе хоорондын холбоог бэхжүүлэх чухал эх сурвалж болохыг онцолж, ахмад үеийн дурсамж, мэдлэг, мэдээллийг цуглуулан залуу үед өвлүүлэх арга зүйн талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн сургагч багш нар “Өрх бүрд угийн бичиг” арга хэмжээг хэрэгжүүлэн, аймаг, дүүрэг, сум, орон нутгийн иргэдэд угийн бичиг хөтлөх арга зүй болон цахим системийн хэрэглээг зааж, түгээн дэлгэрүүлэх юм.
Цаашид Боловсролын ерөнхий газар болон аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвүүд хамтран иргэдийн угийн бичиг хөтлөх мэдлэг, чадварыг дээшлүүлэх, гэр бүлийн түүх, үндэсний өв уламжлалаа хадгалан хамгаалах, хойч үедээ уламжлуулах үйл ажиллагааг өргөжүүлнэ.
Угийн бичгээ хөтөлж, удмын түүхээ хойч үедээ өвлүүлэн үлдээцгээе!
Насан туршийн суралцахуйн хэлтэс
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.