0

Өчигдөр Аятолла Али Хаменеигийн нас барсны 40 дэх өдөр тохиож, Иран даяар томоохон дурсгалыг нь хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулжээ.
Хэдэн арван мянган Иранчууд гашуудахаар гудамжинд гарсан боловч түүний хүү, Дээд удирдагч Можтаба Хаменеи олон нийтийн өмнө гарч ирсэнгүй.
Хар хувцастай иргэд гудамжаар дүүрэн, Ираны далбаа, Хезболлагийн туг, Али Хаменеигийн хөрөг барьсан байв. Тэд "Америк, Израильд үхэл" гэх мэт уриа лоозон барьж жагссан байна.
AFP зэрэг гадаадын мэдээллийн агентлагууд нийслэл Тегеран зэрэг улс даяар олон хотод сая сая хүн Али Хаменеигийн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр цугларсан гэж мэдээлэв.
Дурсгалын арга хэмжээ өглөөний 09:40 цагт эхэлсэн бөгөөд энэ нь түүний нас барсан цаг бөгөөд Ираны төрийн телевиз өглөөнөөс эхлэн гашуудлын уур амьсгалыг шууд дамжуулж байна.
Шийт мусульманчууд нас барсны дараах 40 дэх өдөр "Арба'ин" хэмээх шашны ёслолыг зохион байгуулдаг. Энэ нь манайх 49 хоногийн дурсгалын арга хэмжээтэй төстэй заншил юм.
Араб хэлээр "дөчин" гэсэн утгатай Арба'ин нь Имам Хуссейнийг хөнөөсөнөөс хойш 40 дэх өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг зөвхөн түүний үхэлд гашуудах өдөр төдийгүй түүний хийж байсан үйл хэрэг, үзэл сэтгэлийг эргэцүүлэн бодох, түүний үлдээсэн өв уламжлалыг нь үргэлжлүүлэхээ амлах өдөр гэж үздэг байна.
Энэ өдөрт онцгой ач холбогдол өгөх Али Хаменеигийн хүү, залгамжлагч Можтаба Хаменеи оролцох эсэхэд олон нийт анхаарал хандуулж байсан ч эцэст нь тэр гарч ирээгүй байна.
Үүний оронд тэрбээр төрийн телевизээр мэдэгдэл хийж, "Ормузын хоолойн менежмент, хяналтын түвшинг шинэ хэмжээнд хүргэнэ" гэж мэдэгджээ.
Тэрбээр цааш нь "Бид Иран руу дайрсан түрэмгийлэгчдийг хэзээ ч зүгээр суухгүй бөгөөд тэдний үйлдлийн төлөө эцсийг хүртэл хариуцлага хүлээлгэх болно" гэж нэмж хэлээд "зөвхөн хохирлын нөхөн төлбөрийг төдийгүй, мөн амь үрэгдсэн хүмүүсийн цусны үнийг шаардах болно" гэж мэдэгджээ.
Хуваалцах:
Хон Ра Хи ойролцоогоор 3 их наяд воны үнэ бүхий Samsung Electronics компанийн хувьцааг заржээ
1 өдрийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.