dobu.mndobu

Дональд Трамп сагсчин Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ

Дональд Трамп сагсчин Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп NBA-ийн од Леброн Жеймсийг улсынхаа төрийн дууллыг хүндэтгээгүй хэмээн буруутгаж, уучлал гуйхыг шаарджээ.

Трамп өчигдөр /2026.10.22/ өөрийн Truth Socia нийгмийн сүлжээнд Жеймсийн төрийн дууллын үеэрх үйлдлийг харуулсан бичлэг нийтэлж, түүнийг эх орноо үл хүндэтгэсэн хэмээн буруутгасан байна. Тэрбээр Жеймсийг “жинхэнэ гутамшиг” хэмээн нэрлэж, Америкийн төрийн далбаа болон улс орныхоо төлөө амиа алдсан цэрэг дайчид, баатруудаас уучлалт гуйх ёстой гэж мэдэгджээ. 

Маргаан дэгдээсэн үйл явдал аравдугаар сарын 20-нд Нью-Йорк хотын Мэдисон Сквер Гарден ордонд болсон Филадельфи 76ерс болон Нью-Йорк Никс багийн 2026-2027 оны улирлын нээлтийн тоглолтын үеэр болжээ. Төрийн дуулал эгшиглэхэд талбайд байсан ихэнх тоглогч хөдөлгөөнгүй зогсож байсан бол Жеймс гольфын цохилт хийх, сагсанбөмбөг шидэхтэй төстэй хөдөлгөөн хийж, бие халаалтаа үргэлжлүүлсэн байна.

Трамп тамирчид төрийн дууллын үеэр эсэргүүцлээ илэрхийлэхийг өмнө нь ч эрс шүүмжилж байсан юм. Тэрбээр анхны бүрэн эрхийн хугацаандаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг эсэргүүцэл илэрхийлж, төрийн дууллын үеэр өвдөг сөгддөг байсан Америкийн хөлбөмбөгийн NFL лигийн тоглогч Колин Каперникийг хурцаар шүүмжилж байв.

Леброн Жеймс, Дональд Трамп нарын хоорондын зөрчил олон жилийн түүхтэй. Жеймс 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтоныг дэмжиж, Трампыг Ерөнхийлөгч болсны дараа ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон нийгмийн хуваагдлын талаар байр сууриа илэрхийлсээр ирсэн.

Мөн 2017 онд Трамп NBA-ийн аварга Голден Стэйт Уорриорс багийн тоглогчидтой Цагаан ордонд зочлох асуудлаар маргалдах үед Жеймс Ерөнхийлөгчийг олон нийтэд шүүмжилж байжээ. Харин 2018 онд Трамп CNN-ийн хөтлөгч Дон Лемонтой хийсэн ярилцлагынх нь дараа Жеймсийн оюун ухааныг доромжилсон өнгө аястай нийтлэл нийгмийн сүлжээндээ оруулж байсан юм.

 

Эх сурвалж: Seoul Economic Daily

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.