dobu.mndobu

УИХ-ын асуулгын цагт Ерөнхий сайд Н.Учрал оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан тойм

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-24

УИХ-ын асуулгын цагт Ерөнхий сайд Н.Учрал оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан тойм

Долоо хоног бүрийн баасан гарагт Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн асуултад цаг үеийн болон тухайлсан сэдвийн хүрээнд хариулт өгдөг болоод буй. Тэгвэл үүрэгт ажлаа аваад 20 гаруй хонож буй Ерөнхий сайд Н.Учрал энэ долоо хоногт сөрөг хүчний бэлдсэн “Авлигажуулсан Монгол” сэдэв болон бусад намын гишүүдээс бэлтгэсэн эдийн засаг, улс төрийн сэдэвтэй УИХ-ын асуулгын цагт оролцож, ямар хариулт өгснийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Монгол Улс авлигажсан улс боллоо. Энэ дүгнэлттэй санал нийлж байна уу. Авлига энгийн нэг хэм хэмжээ, ойлголт болон хувирчээ. Энэ юу болж байна вэ?

Ерөнхий сайд Н.Учрал: Авлига бүх монгол хүний эдлээгүй боломж, идээгүй талх, аваагүй цалин, биелээгүй мөрөөдөл. Тийм учраас миний санаачилсан “Эрх чөлөөний дөрвөн зам” гэдэг нь авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм. Авлигын гэмт хэргийг бууруулах, үр дүн гаргана гэвэл өнөөдрийн тогтолцоогоор тэнд хүрэхгүй. Авлигатай тэмцэх нь АТГ-ын ажил биш. Авлигын төсөөллийн индекс 10 байраар ухарсанд дүгнэлт хийж үзэхэд олон асуудал байгаа юм билээ. Уг үндсээр нь устгахын төлөө ажиллах нь төрийн захиргааны байгууллага хийгээд бүх ард түмний хүсэл эрмэлзэл. АТГ өргөдөл гомдол хүлээж авдаг, прокурор хянаж шалгадаг, шүүх гэм буруутайг тогтооно. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Тиймээс мэдээ, мэдээллээр хангаж, уг үндсээр нь устгахын төлөө бодит санаачилга гаргаж байж үр дүнд хүрнэ. Засгийн газар маш олон нотлох баримттай, үндэслэлтэй хэргүүдийг хууль хяналтын байгууллага руу илгээж байсан ч тэнд очоод гацчихдаг. Тиймээс эрх мэдлийг сааруулахын тулд Зөвшөөрлийн тухай хуулийг санаачиллаа. Мэргэжлийн холбоод руу ажлыг нь өгнө. Иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалдаг, эрх мэдлийг төвлөрүүлэхгүй ажиллах нь манай Засгийн газрын ажил.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:Ардчилсан биш авлигажсан Монгол Улс болжээ” гэдгийг та тойруулж хариулахгүй яваад байнах. Таныг авлигажсан улс болсон гэдэгт санал нийлж байна гэж ойлголоо. Авлигажсан, авлигажуулсан хоёр ялгаатай шүү.

Ерөнхий сайд Н.Учрал: Авлигач гэж хэдэн хүнийг цоллох нь үр дүн биш. Авлига өөрөө Монголын дайсан. Авлигатай тэмцэх ажилд манай Засгийн газар манлайлж ажиллана. Авлига нэг намын бус бүх Монголын дайсан. 2016 оноос авлигатай тэмцэх ажилд үр дүн гаргаж ирсэн. Өнөөдрийн хэрэгжиж байгаа Улсын бүртгэлийн багц хууль, авлига ашиг сонирхолтой холбоотойгоор хэн энэ тендерт ялсан бэ гэдгийг “opendata”-гаас хардаг болсон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар 680 мэдээллийг ил болголоо. Шилэн ажиллагаагаар 820 мянган мэдээллийг ил болголоо. Түүний хүчинд өнөөдөр “ChatGPT”-гээр кирил үсгээр хайлт хийгээд мэдээлэл авч байна шүү дээ. Эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэх гэж, авлигын эсрэг эхлүүлсэн ажлаа дуусгах гэж би Ерөнхий сайд болсон юм. Намынхаа хурал дээр хэлж байсан бодлоосоо хэзээ ч ухраагүй. Монголд юуг ч нууцлахгүй. УИХ-д өргөн барьчихсан байгаа Төрийн албаны нууцын тухай хуулийг батлах ёстой. Цахимжилт, ил тод байдлын талаар гаргасан үр дүнгээ ахиулах гэж энд сууж байгаа юм. Нээлттэй засаглалын түншлэлээр дэлхийн улс орнууд манай “E-mongolia”-г үнэлж байгаа. Шилэн ажиллагааг илүү үр дүнд хүргэнэ. Сая 146 зөвшөөрлөөр таван даваа давж байсныг болиулахад л маш олон хүн эрх мэдлээсээ салж бухимдаж байгаа ч авлига, албан тушаалын байдлаа давуулан ашигладаг, таван цаас өгдөг байдал арилж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Яагаад системийн авлига бий болчихов. Үүнийг эрх баригч танай нам бий болгочихлоо шүү дээ?

Ерөнхий сайд Н.Учрал: Би ирээдүйг яриагүй. Өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйг ярьж байна. Та бүхний батлах Төрийн албаны нууцын тухай хуулиар 814 албаны шошготой нууцыг ил болгох гэж байгаа. Энэ бол авлигыг уг үндсээр нь устгах ажил юм. Та хувийн хэвшилд ажиллаж байсан хүн. Өнөөдөр авлигын системд өртөөгүй, хүнд суртлыг даваагүй иргэн, аж ахуйн нэгж байхгүй. Энэ болгоныг чөлөөлье гэж та бид улс төрд орсон. Цаашдаа гэрээ болгон ил тод, олон нийтээр зөвшилцүүлж байж явуулдаг байхгүй бол том төсөл нэрийн дор тендер хулгайлдаг, гоё нэрний цаана ашиг сонирхол үнэртэж байдаг зарчмаар ажил явахгүй ээ. Авлигын төсөөллийн индекс бол толь. Тэгэхээр өөрийгөө толинд хараад муухай, сайхан гэж хэн ч хэлдэггүй. Цаашдаа төрийн албаны нууц гэсэн 800 гаруй мэдээллийг ил болгох ёстой. УИХ-ын даргаар ажилласан дөрвөн сарын хугацаанд УИХ дээр байгаа бүх мэдээллийг нийтэд ил болгосон. Блокчэйн дээр суурилсан дата хяналтыг бий болгоно. Хиймэл оюунаар хяналт хийдэг болно.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Чөлөөт эдийн засгийг тунхагласан оронд тэдэнд 20 хувийн орон зай үлдсэн. 80 хувьд нь төр оролцож байна. Эдийн засгийн оролцооноос гадна иргэнд очдоггүй, бизнесийнхэнд нөлөөлдөггүй хулгайн эдийн засаг бий болчихлоо. 43 их наядын үнийн дүн бүхий 18 мянган тендер зарлагджээ. Гэтэл 2023 онд гэхэд л тендертэй холбоотой 100 гаруй эрүүгийн гэмт хэрэг шалгалтын шатанд явж байгаа. Тогтолцооны өөрчлөлт яаж хийгдэх вэ?

Ерөнхий сайд Н.Учрал: Хувийн хэвшлийг дэмжихэд манай Засгийн газрын бодлого оршино. 10 төгрөг тутмын 7-8-ыг хувийн хэвшилд шилжүүлэх нь “Чөлөөлье” санаачилгын гол зорилт юм. Өнгөрсөн хугацаанд дүрэм журамд тээглэж байсан асуудлуудыг Зөвшөөрлийн хууль хэрэгжиж эхэлсний дараа зоригтойгоор 110 мэргэжлийн холбоонд шилжүүлнэ. 20 гаруй тусгай зөвшөөрлийг энгийн рүү хөрвүүлнэ. Сая 146 үйлчилгээг чөлөөллөө. IT компаниудад “API service”-ээ нээлээ. Төр иргэндээ очиж үйлчилнэ. Гурван сарын дотор 146 үйлчилгээг хувийн хэвшилд авч очсоноор ямар үр дүн гарахыг харуулна. Дүрэм засагладаг бус дата засагладаг болно. 820 мянган мэдээлэл дээр 30 гаруй мянган их өгөгдлийг боловсрууллаа. Орчин үеийн дэвшилтэд технологийг хослуулсан хүний оролцоогүй шийдвэр гаргадаг кабинетыг бүрдүүлнэ. Төрийн албыг тайлангаас чөлөөлөх нь эрх мэдлийн бууралт. Эрх мэдлээ алдахад их олон хүн уурладаг. Таны хэлж байгаа Тендерийн хуулийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа ахалж байсан. Одоо Их хурлын гишүүдтэй хамтарч УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрдэнэт дээр хийсэн хиймэл оюуныг “Эрдэнэс Монгол”-д нэвтрүүлэх үйл ажиллагааг цахим хөгжлийн зөвлөл байгуулж, хоёр жил бэлтгээд бараг л бэлэн боллоо. “Эрдэнэс Монгол”-д хиймэл оюунаар тендер зарладаг болно гэсэн үг.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Туулын хурдны зам бол түгжрэл бууруулах шийдэл байсан. Гэтэл АН-ын хэдэн нөхөд улстөржсөөр байгаад гацаачихлаа гэж байна. Нээлттэй ил тод байх, тендер зарлах гээд бүгдийг үгүйсгэчихлээ. Хэнд хамаатай юм гэдэг байдлаар хандаж байна шүү дээ. Ингэж тайлбарлаж, ардчилсан улс оронд ажил урагшаа явахгүй шүү дээ.

Ерөнхий сайд Н.Учрал: Авлигын асуудлаар О.Цогтгэрэл даргатай огт улстөржихгүй. Авлигыг бүгд өөгшүүлсэн. Танай намд ч байгаа. Манайд ч байна. Энэ нөхдөөсөө яаж салж урагшлах вэ гэдэгт золбоотой ажиллацгаая. Би бол унаж босоод, уруудаж өгсөөд, үхэл амьдралын заагаас эргэж ирсэн хүн. Элдэв шунал тачаал алга. Тиймээс золбоотой ажиллана. Надад таньдаг атаман байхгүй. Кино драм үзүүлэхгүй. Нэг компанийг магтаж, муулж явахгүй. Ажлаараа харуулна. Танай, манай намд байгаа авлигатай хамтдаа л тэмцье. Засгийн газарт хамтраагүй ч авлигын эсрэг тэмцэлд хамтарцгаая. Үзэл санааны хувьд чөлөөлөлтийн бодлого дээр үргэлж оршино. Энэ бол хэн нэгний сэдэв биш та бидний хамтын зорилго.

Би төсөл гацаагч биш, төсөл хөдөлгөгч. Олон жилийн дуусаагүй яриаг дуусгаж, “Орано майнинг” дээр орчин үеийн боловсролтой залуусыг урьж, ямар ч өр төлбөр ногдохгүй орчин үеийн гэрээ хийсэн хүн. Тиймээс төслийг явуулахад буруу арга хэлбэр ашиглахтай эвлэрэхгүй. Хууль хяналтынхан эргэлзээг тайлж, эцсийн цэгийг тавьтал зогсоо гэж хэлсэн. Авлига, ашиг сонирхлын зөрчил байна уу. Гоё нэрний цаана мега тендер, хулгай байна уу. Үндэсний зөвшилцөл байх ёстой. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хуулийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэг хийх ёстой юм. Иргэдийн дунд байгаа эргэлзээг тайл. Том төслийг үргэлж дэмжинэ. Ард түмэнд ивээлээ өгөх, эдийн засгийн ач холбогдолтой төслийг явуулна. Харин эргэлзээтэй байвал тэр асуудалд цэг хатгаж байж л урагшаа явна. Ямар ч тохиолдолд нэг юанийн эргэлзээгүй болж байж явуулна. Туулын хөвөөнд өссөн хүний хувьд энэ төсөлд хатуу байр суурьтай байна. Иргэний нийгмийн оролцоог хангахгүйгээр том төсөл урагшилдаггүй. Энэ бол үндэсний зөвшилцөл гэсэн үг. Их хурал бол мэдээллийг нээдэг байгууллага. Хаана нууц байна тэнд авлига байдаг. Мэдээллийг нээлттэй ил тод болгосон орон хөгжлийн зөв замдаа ордог. Цахим засаглалын индексээр 28 байр урагшилсан шиг авлигын төсөөллийн индекс дээр ухрах биш урагшилж үзүүлье. Хоосон хийрхлээр бус улс төрийн попролоор бус илүү шинжлэх ухаанчаар их өгөгдөл дээр суурилсан шийдвэр гаргалт хийх нь шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайдын бодлого байх болно.

УИХ-ын гишүүн Э.Очирбат: Авлигыг дээд шатанд удирдаж, дунд шатанд хэрэгжүүлдэг болсонтой санал нэгдэх үү. ЖДҮ-ийн сантай холбоотой тэрбум, тэрбумаар хувааж авсан асуудал бий. Иргэд энийг авлигын систем гэж ойлгосон. Та авлигатай тэмцдэг Засгийн газар бүрдүүлж чадсан гэж үздэг үү. Танай Засгийн газрын сайд нар авлигатай холбогдвол шууд огцорч чадах уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Өнөөдрийн тогтолцоо авлигын асуудлыг шийдэхгүй. Авлигыг дээд шатанд удирдаж, дунд шатанд хэрэгжүүлдэг гэдэгт итгэдэггүй. Углуургаар нь өөрчилж шийднэ. Тиймээс л 2016 оноос хойш эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлээд явж байна. Сайн сайдын 33 шинж бүрдсэн хүн гэж хаана байхав. Улс төрд олон жил явсан хүмүүс сайн, муугаараа хэлүүлж л явдаг. Би танхимдаа туршлагатай хүмүүсийг авсан. Нээлттэй шүүмжлүүлээд явах байх.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Та дөрвөн талаар чөлөөлье гэлээ. Гэхдээ цохилтын тоо нь сүүлийн 10 жилийн авлигажсан тогтолцоо руу явж байгаа. Сар гаруйн өмнө та намынхаа Их хурлаар дөрвөн хүнээ чөлөөлье гэж хэлсэн. Гэтэл таны шударга ёсны илд хэвээр байна уу. Улс төрийн нөхцөл байдлын хувьд авлигатай тэмцэхэд дарамт шахалт байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Намын дүрэмд заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол намын гишүүнээс түдгэлзүүлдэг. Намын даргын хувьд ёс зүйн асуудлыг Хяналтын хороондоо өгдөг. Тиймээс Хяналтын хороондоо өгсөн л асуудал. Гэм бурууг тогтоосны дараа асуудал яригдах байх аа. Албан тушаалын хэрэг, авлигатай тэмцэх тэмцэлд анд найз, ах дүү, амраг садан хэн ч байх ёсгүй. Надад зориг байна. Миний удирдах арга барил заримд нь таалагдахгүй, заримд нийцэхгүй байгаа. Надтай уулзаад учраа олохгүй байгаа хүмүүс битгий уулзаарай. Би хундага дарсны ард орой үдэш сууж асуудал шийддэг хүн биш. Тендер хуваарилдаг арга барил надад байхгүй. Залуу үеийнхэн бол үзэж харсан зүйл өөр, өссөн орчин ч тэс ондоо шүү. Өөр арга барилаар ажиллана.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Танай намын зарим гишүүд өөрийгөө толинд хараад танихаа больсон. Хүссэн дүрээ хардаг болсон. 2016 онд танайх засаг барихдаа сая, саяар ярьж байсан бол одоо их наядаар, зуу, зуун сая ам.доллар ярьж байна. Эрх баригчид та бүхэн иргэдээ сонсохоо больжээ. Авлигатай тэмцэх нь МАН-тай л тэмцэнэ гэсэн үг. Та намын гишүүдтэйгээ тэмцэж чадах уу. Ард түмэн та бүхний хулгайлсны дараах хариулт мөнгөн дээр амьдарч байна?

Ерөнхий сайд Н.Учрал: Арван жилийн өмнө бид мөнгө яаж олох вэ гэж боддог байлаа. Өнөөдөр бонд босгоод, хөрөнгө оруулалт татаад босгоод байна. Гэтэл босгосон мөнгөө юунд зарцуулах, ард түмний хяналт дор шударгаар зарцуулахгүй явсаар хэт баян, ядуу гэсэн хоёр бүлэгт хуваагдчихсан. Энэ бол миний эмзэглэдэг асуудлын нэг. Ерөнхий сайдын ажлаа аваад үүнийг уг үндсээр нь устгахын төлөө ажиллаж байна. Миний зоригт бүү эргэлз. Зориг, үйл хэрэгт минь харин та бүхэн нам гэж талцахгүйгээр хамтдаа байгаарай. Би намынхантайгаа тэмцэнэ. Та бүхэн бас тэмцэж чадах уу гэж эргээд асууя.

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс төрийн өндөр албан тушаалд суусаар байна. Энэ талаар таны бодол юу вэ. ЖДҮ-гийн зээлийг танай намын гишүүд авч байсан. Гэтэл энэ хүмүүс өндөр албанд сууж байна. Тэр зээл авсан хүний нэг хүн нь та өөрөө. Ийм учраас л төрд итгэх итгэл буураад байна шүү дээ.

Ерөнхий сайд Н.Учрал: Би эмээтэйгээ өссөн хүүхэд. Эмээ минь өглөө болгон “Төрийн минь сүлд өршөө” гэж сүү өргөдөг байлаа. Төрийн өндөр алба хашиж буй хүн үлгэрлэлтэй, манлайлалтай байх ёстой. Төрийнхөө нэр хүндийг сэргээхийн төлөө бидний үеийнхэн хичээе. Өөрт тавих шаардлагаа ч өнөөдрийг хүртэл өндөр тавьсаар ирсэн. УИХ-ын танхимаас хууль төрдөг байх ёстой, хулгайч биш. Улс төрд олон жил яваа хүн ард түмнээр шүүлгэх, шүүмжлүүлэх нь байдаг л зүйл. Би эдгээр тусгай сангуудын мэдээллийг ил болгосон хүн шүү дээ. Зах зээлд шилжсэн цаг үеэс хойш миний аав, ээж хоёр ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж энд хүрсэн. Хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрдэг гэдгийг өөрсдийн амьдралаараа харуулсан.  Хөдөлмөрлөж буй хүн бүхэнд тээг садаа болдог дүрэм журмыг чөлөөлж өгөхсөн гэдэг итгэл үнэмшлээр хүн болж хүмүүжсэн. Надад нуугдаад байх зүйл нэг ч байхгүй. Миний ахуй амьдрал, гэр бүл, бизнес, хөрөнгө орлого гээд бүх зүйл нүдний өмнө ил. Цаашдаа ч энэ зарчмаа барьж ажиллана.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Авлигын төсөөллийн индекс дахин буурвал та хариуцлага хүлээх үү. Төрийн албан хаагч ажил хийснийхээ төлөө авлигын хэрэгт холбогдож байна. Энэ асуудлыг анхаарч өгнө үү?

Авлигатай тэмцэх нь төрийн төлөө шударгаар ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа хамгаалахад оршино. Худалдан авах ажиллагааг ахалдаг хүн байхгүй боллоо. Бүгд гарын үсэг зурж, шийдвэр гаргахаас айж байна шүү дээ. Тиймээс төрийн албан хаагчдыг шударгаар ажлаа хийхэд хамгаалах механизмыг хамтдаа авч явцгаая. Тендерийн хуульдаа өөрчлөлт оруулъя.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Монгол Улс ардчиллын биш авлигын баянбүрд болжээ. Авлигатай уран үгээр биш учир шалтгаанаар тэмцэх ёстой. Монголын төр авлигатай тэмцэх тэмцэлд бууж өгчээ. Таны үг, үйлдэл зөрж байна. Газар олголтын асуудлаар Түр хороо байгуулахыг дэмжих үү?

Ерөнхий сайд Н.Учрал: Авлигатай тэмцэх ажилд би амархан бууж өгөхгүй. Та ямар амархан бууж өгдөг юм бэ, Баатархүү сайд аа. Миний ажлыг та авахдаа “Таны эхлүүлсэн цахимжилт, E-mongolia, шилэн ажиллагаа бол авлигыг бууруулах үг үндсийн шийдэл байжээ” гэж хэлж байсныг тод санаж байна. Би уран ярихгүй. Гэхдээ хийсэн ажлаа бахархалтайгаар ярьдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс цахим засаглалыг индексээр урагшилсан юм. Нээлттэй засаглалын индексээр урагшилсан. Дэлхийн Засгийн газруудын дээд хэмжээний уулзалт ч үүнийг үнэлсэн. Цахимжилтыг амилуулъя гэвэл таны ярьдаг бүртгэл, газар олголт зэргийг бүгдийг нь блокчэйн дээр оруулъя. Дараа нь бүх хамаарал тогтоогдоод явна. Монголд ардчилал байгаа. Авлигын баянбүрд гэж ярьж болохгүй. Ард түмэн ардчиллын төлөө үзэл санаатай. Бид үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг азтай хүмүүс шүү. Бүгдийг үгүйсгэж сөрөг хүчин хийх нь буруу байх аа. Түр хороо байгуулах нь УИХ-ын эрх. Би газар олголтын асуудлыг “shilengov” дээр 2022 онд оруулчихсан шүү дээ. Хэний газар гэдгийг бүгдийг нь мэдэж байгаа. Түр хороо байгуулчихвал дэмжээд явна, мэдээллээ өгөөд явна. Ардчилсан парламентыг үргэлж дэмжинэ. Шаардлагатай бол асуултад хариулна. Та бүхний санал санаачилга бүхнийг биелүүлнэ. Монгол Улс бол парламентын засаглалтай орон.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Төрийн хулгай их наядаар яригдаж байна. Авлигын эсрэг тэмцэл чинь нам дотроосоо эхлэх ёстой шүү. Төсөв үлэмж тэллээ. Төрийн өмчит компаниудын замбараагүй байдал хэрээс хэтэрлээ. Улс төрийн хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрсэнтэй санал нийлэх үү?

Ерөнхий сайд Н.Учрал: Танай манай гэж ярих нь зохимжгүй. Бид хүнээс илүү системээ ярих ёстой. Хуучны арга барилаасаа салж урагшаа харж зоригтой, золбоотой ажиллахгүй бол танай манай гэж хэрэлдсээр байтал болохоо болилоо. Би өнгөрсөн арваннэгдүгээр сард намын даргаар сонгогдсон. Тэр цагаас миний цаг эхэлж, намаа цэвэрлэх ажилдаа ханцуй шамлан орсон. Танай, манай гэж талцахгүй. Нам дотроо цэвэрлэгдэж, цэвэрших ёстой. Тэгж байж төр цэвэрлэгдэнэ. Тиймээс хамтдаа л нам, намаа цэвэрлэцгээе. Би хүн ярихгүй. Шүгэл үлээж, хэт их попрохгүй. Янз бүрийн кино драм хийхгүй. Попрохгүй. Үр дүнгээр харуулна аа.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Аж ахуйн нэгжид хариуцлага ногдуулахдаа хэрэг хянан хэлэлцэх явцдаа дампуурал руу оруулж байна. Дансыг нь хааж байгаад шалгаж байгаа нь дампуурах шалтгаан болдог. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ. Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа тодорхой нөхцлийг харгалзаж үздэг байвал. Хөдөлмөрийн зах зээлийг тэлэх талаар ямар бодлого баримтлах вэ?

Ерөнхий сайд Н.Учрал: 12 мянган иргэн, аж ахуйн нэгжийн дансыг нээсэн. 10 хоногт 42 тэрбум төгрөг төлсөн байна. Төр иргэндээ итгэвэл том үр дүн гарч байгаа. Цаашдаа шууд хаахгүйгээр шалгаж, нягтлах зэргээр татварын хуульд өөрчлөлт оруулна. Ажиллах хүчний оролцооны түвшин өнгөрсөн жил 63.2 хувьтай байсан одоо 61 хувьд хүрлээ. Нэг ёсондоо 10 хүн тутмын зургаа нь ажил огт хайхгүй, ажил эрхлээгүй гэсэн үг.  Төрийн албаны багц хуулийн шинэчлэлийг хийнэ. 213 мянган төрийн албан хаагч байгаа данхар болсон гэж ярьдаг. Гэхдээ нэг сургууль баригдаад тэнд хүмүүс ажиллаад эхлэхээр төр данхагар харагддаг юм билээ. Тэгэхээр ялгаагаа тодорхой гаргана. Оюутны цагийн хөдөлмөрийг тодорхой болгоно. Тэтгэвэрт гарсан ахмадууд ажиллах боломжийг бүрдүүлнэ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эмнэлгээс гараад эхний зургаан сар очих газаргүй болдог. Сувилал хүлээж авдаггүй. Энийг хэрхэн зохицуулах вэ. Засгийн газрын үйл ажиллагаанд төлөвлөв үү?

Энэ оны төсөвт 49 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкны зээл, Японы сангийн зээл гэх мэт төсөв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан байгаагийн хэрэгжилтийг шахаж, шаардаж ажиллана. Мөн ирэх оны төсвийг барихад хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан зорилтот хөтөлбөрүүдийг тусгахад төсвийн бодлогоо чиглүүлнэ. Төсвийнхөө бараг 75 хувийг урсгалыг санхүүжүүлж байна. Найман их наядын хөрөнгө оруулалттай. Үүний дөрөв нь нийслэлд, 1.3 их наяд нь зээл. Урсгалыг санхүүжүүлэх шаардлага бол байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа эргэж харах шаардлагатай.

УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа: Та татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг нээж өглөө. Дансаа нээлгээгүй зарим компани байна. Энд ямар шалгуур тавигдсан юм бэ. 146 бизнесийн үйл ажиллагааг шууд нээнэ гэдгийн шалгуур юу байв?

Ерөнхий сайд Н.Учрал: Дансаа хаалгасан 12549 татвар төлөгч байсны 396 нь шүүхийн шийдвэртэй байсан. Засгийн газар шүүхийн шийдвэрийн дээр гарч асуудал шийдвэрлэхгүй. Хэрвээ дансаа нээлгээгүй бол шүүхийн шийдвэртэй 396 байгууллагын нэг гэсэн үг. 12 мянган иргэн, аж ахуйн нэгжийн дансыг нээсэн. Арван хоногт 42 тэрбум төгрөг төлсөн байна. Битүүмжилсэн дансыг нээхдээ хяналтад байлгадаг асуудлыг хөндөнө. 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөлж, аж ахуйн нэгжүүдийн давж байсан таван давааг арилгалаа. УИХ-ын баталсан Зөвшөөрлийн хуульд энгийн болон тусгай ангиллын 381 зөвшөөрөл бий. Энэ жагсаалтад ороогүй бусад төрлийн үйл ажиллагаануудыг зөвшөөрөлгүй эрхлэх боломжтой. Гэтэл сайдын тушаал, НИТХ, Засгийн газрын тогтоол, журам гаргаад дүрэмлэж, журамлачихсан байсан.  Зөвшөөрөл гэдэг нэргүй ч эрх олголт, батламж, лиценз, сертификат, магадлан итгэмжлэл гэх мэтээр нэрлэж таван даваа давуулж үйл ажиллагаа эхлүүлдэг болсон байсныг цуцалсан. Галын дүгнэлт, хот тээврийн гэрээг төр өөрөө очиж хийдэг болсон. 146 зөвшөөрлийг цуцлах шийдвэрээр аймаг, орон нутгуудад сургалт орж байна. Энэ шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа талаар долоо хоног болгон албан даалгаврын хэрэгжилтээр сонсож байгаа. Манай Засгийн газар хувийн хэвшилдээ орон зайг тэлж өгнө. Төр зөвшөөрөл, лицензээс татгалзаад эхэлчихвэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Иргэд ипотекийн зээлийг хоёр жил хүлээж байна. Зарим нь арга ядаад авлига өгч байгаа. Та ипотекийн зээлд хэр сэтгэл хангалуун байна вэ?

Ерөнхий сайд Н.Учрал: Ипотекийн зээл 2013 онд үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн. 11.87 их наяд төгрөгийн зээлд 133 мянган өрх хамрагдаад байна. Ийм их хөрөнгө оруулалт хийчихээд байхад яагаад яндангийн тоо буурахгүй байна вэ. Тийм учраас цаашид ипотекийн зээл зөвхөн зорилтот бүлэгт чиглэх ёстой.

УИХ-ын гишүүн П.Ганзориг: Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.4 их наяд гараад байна. Энэ нөхцөл байдлаас хамаараад төсвийн шинэлчилсэн төсөөлөл гаргав уу. Иргэдийн бодит орлого буурах вий. Бодит орлогыг хамгаалах чиглэлд ямар арга хэмжээ авах вэ?

Ерөнхий сайд Н.Учрал: Өнөөдрийн орлогын гол тасралт ААН-ийн орлогын албан татвар 560, хувь хүний орлогын албан татвар 200 тэрбум төгрөгөөр тасарч, оны эхний гурван сарын байдлаар алдагдал 1.3 их наядад хүрсэн байна. Олон улсын эдийн засгийн хурцадмал байдлын эсрэг бодлого гаргаж ажиллаж байгаа. Юутай ч шатахууны үнэ өсөхгүй гэсэн сайн мэдээг Г.Дамдинням сайд ОХУ руу уулзалтаар явж ирээд дуулгалаа. Шатахууны үнийг тогтвортой барихаас гадна ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр тодорхой шийдвэр ирэх долоо хоногт гаргана. Төсвийн бодлого буруу явж ирсэн. Өрхийн орлого нь 2.9, зарлага нь 3.1 сая төгрөг байна. Энэ дундах зөрүүг зээлээр нөхөж, зээлээс зээлийн хооронд явж байгаа. Тэтгэвэр, цалин нэмэхээр үнээ хөөрөгддөг. Төсөв, мөнгөний бодлого нь уялдаагүй явж ирснийг засах хэрэгтэй. Татварын багц хуулийг татаж авсан. Нэмэлт өөрчлөлтийг өргөн барихаар боловсруулж байгаа. Гишүүд та бүхэн Банкны хуулиа батлуулчихвал гадны банк орж ирэх боломжтой.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.