dobu.mndobu

Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ

Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ

Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч өнцгөөс задалж, орчин үеийн театрын хэлээр илэрхийлэх “Үнэний хаан Будда” жүжгийн төслийг Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ) эхлүүлэхэд бэлэн болжээ.  

Орчин үеийн нийгэмд тулгамдаж буй ёс зүйн дутагдал, сэтгэлзүйн дарамт, төрийн түшээдэд үгүйлэгдэж буй дээд суртахууны тухай “Үнэний хаан Будда” жүжигт хөндөн тавих ажээ. Жүжигт Бурхан багшийг хорвоо ертөнцийн зүй тогтол, утга учир, мөн чанарыг таньсан бодит хүн хэмээх өнцгөөс нээн харуулах ба Буддагийн дүрийг бүтээх жүжигчнийг тодруулах ажил нээлттэй эхэлж байна.  

Бурхан багш хүний амьдралын зорилгыг мөнх бусын орчлонд хүсэл шуналаа ялан дийлж, сэтгэлээ ариусгах хэмээн номлодог бол Эртний Грекийн сэтгэгч Аристотель театрын урлагийн зорилгыг “Хүний сэтгэлийг ариусгах үйл хэрэг” хэмээн тодорхойлжээ. Хүн төрөлхтний ирээдүй, оюун санааг ариусгах тангарагтай Буддизмын гүн ухааны охь шимийг энэ жүжигт нийлмэл урлагийн олон талт хэлбэрээр тусган харуулахаар уран бүтээлчид ажиллаж байна.

“Үнэний хаан Будда” жүжгийн төслийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар санаачлан, 2015 оноос эхлэн судалгааны ажлыг хийжээ. Уг төсөлтэй танилцсан Дээрхийн гэгээнтэн “Олны сонорт хүргэх цаг нь болжээ” хэмээн айлдсан байна. Үндэсний оюун санааны сэргэн мандалтад хөтлөх “Үнэний хаан Будда” жүжгийн төсөлтэй хамтран ажиллах байгууллага болон хувь хүмүүсийн өмнө төслийн үүд хаалга нээлттэй ажээ.  

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.