0

Лина 1933 онд Тикрапо тосгонд төрсөн бөгөөд есөн хүүхэдтэй айлын нэг байв. Таван настай байхад нь хэвлий нь хэт томорч эхэлсэн тул эцэг эх нь түүнийг эмнэлэгт үзүүлжээ. Эмч нар анх хавдар гэж сэжиглэсэн ч удалгүй долоон сартай жирэмсэн болохыг нь тогтоосон байна.
Энэ хэрэг тухайн үед дэлхий нийтийн анхаарлыг татаж, олон улсын хэвлэлүүдээр шуугиан тарьжээ. Перугийн эмч нарын хийсэн шинжилгээгээр Лина “эрт бэлгийн бойжилт” гэх маш ховор эмгэгтэй байсан нь тогтоогдсон байна. Түүний сарын тэмдэг найман сартайгаас эхэлсэн гэх мэдээлэл байдаг бөгөөд бие махбод нь наснаасаа хэт эрт хөгжсөн байжээ.
1939 оны тавдугаар сарын 14-нд Лина кесар хагалгаагаар хүү төрүүлсэн байна. Түүний аарцаг хэт жижиг байсан тул мэс засал хийхээс өөр аргагүй болсон аж. Хүү 2.7 кг жинтэй эрүүл төрсөн бөгөөд Линагийн эмчийн нэрээр Жерардо хэмээн нэрлэжээ.
Жерардо багадаа Линаг өөрийн эгч гэж бодож өссөн бөгөөд 10 настайдаа жинхэнэ ээж нь болохыг мэдсэн гэдэг. Тэрбээр насанд хүртлээ эрүүл өссөн ч 1979 онд 40 насандаа ясны чөмөгний өвчнөөр нас баржээ.
Хамгийн нууцлаг бөгөөд эмгэнэлтэй хэсэг нь хүүхдийн эцэг хэн байсан нь хэзээ ч тогтоогдоогүй явдал юм. Цагдаа нар Линагийн аавыг хүртэл сэжиглэн шалгаж байсан ч хангалттай нотлох баримт олдоогүй тул сулласан байна. Зарим эмч Лина өөрөө ч юу болсныг ойлгох насанд байгаагүй гэж үздэг.
Хэдийгээр тухайн үед энэ хэргийг зохиомол байж магадгүй гэх яриа гарч байсан ч эмч нарын хийсэн рентген зураг, биопси, эмнэлгийн баримт болон гэрэл зургууд нь уг тохиолдол бодит болохыг баталжээ.
Лина Мединагийн хэрэг өнөөдөр ч анагаах ухаан, нийгмийн түүхэн дэх хамгийн хачирхалтай бөгөөд эмгэнэлт нууцлаг хэргүүдийн нэг хэвээр байна.
Эх сурвалж: Wikipedia
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.