0

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XVI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр, орлогч дарга, хошууч генерал Б.Баатар болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлага, энхийг сахиулагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут энхийг сахиулагчдад хандаж хэлсэн үгэндээ Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 20 гаруй жилийн турш нэр төртэй үүрэг гүйцэтгэж ирснийг онцоллоо.
Тэрбээр Монгол цэргийн ур чадвар, сахилга хариуцлагыг олон улсын тавцанд өндөрт өргөж, энхийг сахиулах ажиллагаанд тогтсон нэр хүндтэй уламжлалаа үргэлжлүүлэхийг цэргийн багийн бие бүрэлдэхүүнд захив.
Мөн “Хүний газар хариуцлагатай үүрэг гүйцэтгэхдээ хамгийн түрүүнд өөрсдийн болон нөхдийнхөө аюулгүй байдлыг хангаж, бие биедээ анхаарал халамж тавьж яваарай. Цэргийн багийн нэгдмэл ажиллагаа, сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадвар бол үүргээ амжилттай гүйцэтгэх үндэс” хэмээн онцлоод, Монгол Улсын төр, ард түмний итгэлийг дааж, үүргээ нэр төртэй гүйцэтгэн эх орондоо эсэн мэнд эргэн ирэхийг хүсэн ерөөлөө.
Энхийг сахиулагчдын ар гэрийнхнийг төлөөлж дэд ахлагч Б.Тэнгисийн аав Н.Байгаль ёслолын үеэр үг хэлэв.
Тэрбээр хүүгээ Зэвсэгт хүчний шилдэг алба хаагчидтай мөр зэрэгцэн эх орноо төлөөлж буйд бахархаж байгаагаа илэрхийлээд, энхийг сахиулагчдад аюулгүй байдал, эрүүл мэнддээ анхаарч, үүргээ амжилттай гүйцэтгэхийг хүссэн юм.
Тэрбээр “Монгол аав, ээжүүд алс газар явсан үр хүүхдүүдийнхээ хойноос цай, сүүнийхээ дээжийг өргөн, эсэн мэнд сайн яваад ирээсэй хэмээн залбирч суудаг. Та бүхэн хүний газар бие биедээ дэмтэй, аюулгүй байдлаа сайтар хангаж, эрүүл мэнддээ онцгой анхаарч яваарай. Ар гэрийнхэн бид та бүхнийхээ сэтгэлийг амар байлгаж, сайн сайхныг хүсэн хүлээх болно” хэмээлээ.
Монгол Улсын энхийг сахиулагчид Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энгийн иргэдийг хамгаалах НҮБ-ын мандаттай үүргээ гүйцэтгэж, Монгол цэргийн ур чадвар, сахилга хариуцлагыг олон улсын тавцанд харуулахаар мордож байна.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.