dobu.mndobu

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-09-17

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 9 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдийн ээлжит хурлаар бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Хурлаар инфляц, эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал болон дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзсэн байна.

Жилийн инфляц наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 12.5 хувь болж, өмнөх сараас 0.5 нэгж хувиар буурчээ. Харин Улаанбаатар хотод инфляц 11.6 хувь болж, 1.4 нэгж хувиар буурсан байна. Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарсан нь инфляц буурахад голлон нөлөөлжээ. Суурь инфляц мөн хугацаанд 6.8 хувь болсон байна.

Гэсэн хэдий ч шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө, дэлхийн хүнсний үнийн өсөлт, төсвийн зардал болон цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц нэмэгдэх эрсдэл хэвээр байгааг Монголбанк онцоллоо.

Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагаст 7.7 хувиар өссөн бөгөөд үүнд уул уурхай, тээврийн салбар голлон нөлөөлсөн байна. Харин бусад салбарын идэвхжил харьцангуй сул хэвээр байгаа аж.

Энэ онд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын өсөлт саарах төлөвтэй байгаа бол уул уурхай, тээврийн салбарын өсөлт өмнөх оноос эрчимжих хүлээлттэй байна. Мөн худалдааны салбарын өсөлт эерэг байх төлөвтэй бөгөөд бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байна.

Гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Ойрх Дорнодын зөрчилдөөний улмаас газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхийн инфляцын дарамт нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Харин дэлхийн зах зээл дэх алт, зэсийн үнэ хүлээлтээс өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь Монгол Улсын худалдааны нөхцөлд эергээр нөлөөлж байна. Үүний зэрэгцээ гадаад валютын нөөцийн хүрэлцээ сайжирч, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байгаа юм.

Монголбанк инфляц ирэх оны хоёрдугаар улирлаас алгуур саарч, 2027 оны эцэст зорилтот түвшний дээд интервалын орчимд хүрэх төлөвтэй гэж үзэж байна.

Гэхдээ энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төсөл хэрхэн батлагдахаас шалтгаалан инфляцын цаашдын төлөвт томоохон өөрчлөлт гарах эрсдэлтэй байна.

Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ гэж мэдээллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.