0

Өдгөө 37 настай, Paramore хамтлагийн гоцлол дуучин Хейли Уильямс тайзан дээр дуу дуулахдаа толгойгоо хүчтэй урагш, хойш сэгсэрдэг хөдөлгөөнөөрөө алдартай. Гэвч өсвөр наснаасаа эхлэн олон жилийн турш давтсан энэ хөдөлгөөн хүзүүнийх нь эрүүл мэндэд нөлөөлсөн байж болзошгүй гэж өмнө ярьж байжээ.
Хейли гавлын яс, хүзүүний рентген зургийг олон нийтэд хуваалцаж, бараг 20 жилийн турш толгойгоо сэгсэрсний үр дүн хэмээн хошигносон байна. Уг зурагт түүний хүзүүний хэвийн хотгор хэлбэр алдагдаж, бараг шулуун болсон нь харагджээ. Эрүүл хүний хүзүү хажуугаас харахад зөөлөн “С” үсэгтэй төстэй хотгор хэлбэртэй байдаг бол энэ өөрчлөлтийг анагаах ухаанд хүзүүний хэвийн хотгор муруйлт алдагдах буюу military neck гэж нэрлэдэг.
Тэрбээр 2023 онд “The Tonight Show Starring Jimmy Fallon” нэвтрүүлэгт оролцохдоо хүзүүнийхээ асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Аялан тоглолтын завсарлагааны үеэр нэг өглөө сэрэхэд толгойгоо зүүн тийш эргүүлж чадахгүй болсон бөгөөд эмчийн үзлэгээр хүзүүний C5, C6 нугаламд элэгдлийн өөрчлөлт илэрсэн гэжээ. Тэрбээр олон жилийн турш толгойгоо хүчтэй сэгсэрч дуулснаар хүзүүнийх нь хэвийн муруйлт алдагдсан аж.
Хэдийгэр ийм асуудалтай тулгарсан ч Хейли тайзнаас холдохоор шийдээгүй байна. Харин хүзүүнийхээ рентген зургийг Paramore хамтлагийн албан ёсны аялан тоглолтын футболк дээр хэвлүүлж, толгойгоо хэт хүчтэй сэгсрэх нь нуруу нугасны гэмтэл, тэр дундаа нугалам хугарах эрсдэлтэйг сануулжээ. Тэрбээр хүзүүний булчингаа бэхжүүлэхийн тулд тогтмол физик эмчилгээ хийлгэдэг бөгөөд цаашид ч тайзан дээрх эрч хүчтэй хөдөлгөөнөө үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Эрдэмтэд ч толгойгоо хүчтэй сэгсрэх хөдөлгөөнтэй холбоотой эрсдэлийг судалж байжээ. 2008 онд Британийн анагаах ухааны “BMJ” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар минутанд 146 цохилттой хэмнэлд толгойгоо 75 хэмээс илүү далайцтай савлуулах нь толгойн хөнгөн гэмтэл үүсгэх эрсдэлтэй байж болохыг тогтоосон байна. Хурдан хэмнэлтэй хөгжимд толгойгоо илүү хүчтэй савлуулах нь хүзүүнд ирэх ачааллыг нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн эмнэлгийн практикт ийм хөдөлгөөнтэй холбоотой нугалам хоорондын жийргэвчийн гэмтэл, тархины цус алдалт, судасны гэмтлийн ховор тохиолдлууд бүртгэгдэж байжээ.
Гэхдээ хүзүүний хэвийн хотгор муруйлт алдагдах нь зөвхөн толгойгоо хүчтэй сэгсэрдэг хүмүүст тохиолддог үзэгдэл биш юм. Судалгаагаар ямар нэгэн өвдөлт, зовиургүй эрүүл насанд хүрэгчдийн ойролцоогоор гуравны нэгд хүзүүний муруйлт шулуун болсон байдаг аж. Буруу байрлалтай удаан суух, утас болон компьютерийн дэлгэц рүү байнга доош харах, удамшлын хүчин зүйл болон насжилт ч үүнд нөлөөлж болно.
Хейлигийн хувьд олон жилийн турш толгойгоо хүчтэй сэгсэрч дуулсан нь хүзүүний өөрчлөлтөд нөлөөлсөн гэж үздэг ч энэ нь цорын ганц шалтгаан байсныг эмч нар батлаагүй байна. Түүний түүх тайзан дээрх эрч хүчтэй хөдөлгөөн хүртэл бие махбодод ачаалал өгч болохыг сануулж байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.