0

2026 оны аравдугаар сарын 20-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 20 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Хамгийн их цастай бүс нь Увс аймгийн Наранбулаг сум бөгөөд цасны зузаан 50 сантиметрт хүрчээ.
Цаг уурын байгууллагын хээрийн цасны хэмжилтээр Баян-Өлгий, Ховд аймгийн ихэнх нутаг болон бусад аймгийн зарим суманд 1-9 см, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн хэд хэдэн суманд 10-18 см зузаан цастай байна. Харин Увс аймгийн Наранбулаг, Малчин, Өмнөговь, Өндөрхангай, Хяргас болон Завхан аймгийн Идэр суманд 20-50 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Өнгөрсөн арав хоногт зүүн аймгуудын нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим болон түүнээс 1.1-1.2 хэмээр дулаан байсан бол бусад нутгаар дунджаас 1.1-5.9 хэмээр хүйтэрсэн байна. Завхан аймгийн Яруу, Цэцэн-Уул, Отгон, Идэр болон Ховд аймгийн Дуут суманд шөнийн агаарын температур -25-аас -32 хэм хүрч хүйтэрчээ.
Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байсан ч Хөвсгөл, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай болон бусад аймгийн зарим суманд дунджаас ахиу орсон байна.
Мөн Төв аймгийн Баянжаргалан, Баянхонгор аймгийн Богд, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Дорноговь аймгийн Сайншандад салхины хурд секундэд 24-25 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн бол Архангай аймгийн Хотонт суманд секундэд 30 метр хүрч гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ.
Одоогоор мал аж ахуйн салбарт хадлан, тэжээл, хужир шүү бэлтгэж нөөцлөх, мал оторлуулах зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.