0

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг үнэлэх ажлыг эрчимжүүлж, хоёр нисдэг тэрэг нэмэлтээр дайчлан ажиллуулж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаал болон Халх гол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 30 хүний бүрэлдэхүүн 2026 оны аравдугаар сарын 15-наас эхлэн хээрийн судалгаа хийж байгаа юм.
Өмнө нь түймэрт өртсөн талбайн ойролцоогоор 30 хувьд судалгаа хийж, шаардлагатай дээж, мэдээллийг цуглуулжээ. Харин газарзүйн онцлог, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан үлдсэн хэсэгт хүрч ажиллах боломжгүй байсан тул холбогдох байгууллагууд хамтран аравдугаар сарын 27-ноос нэмэлт хүн хүч, нисдэг тэрэг дайчлан ажиллуулж эхэлсэн байна.
Улмаар аравдугаар сарын 28-наас хүрэхэд хүндрэлтэй бүсүүдэд судалгаа, дээжлэлт хийж эхэлжээ. Ажлын хэсэг Соёлз уулын Модод хамар, Галдстай гол, Цэцэгт уул, Зараа уул орчимд ажиллаж, байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээс дээж авч, нарийвчилсан хэмжилт хийсэн байна.
Цуглуулсан дээж, мэдээллийг түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг тооцоход ашиглах юм. Ажлын хэсэг аравдугаар сарын 29-нд Бичигт толгой, Орч ууланд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөжээ.
Ажлын хэсэгт байгаль орчин, хохирлын үнэлгээний чиглэлээр 16-50 жил ажилласан туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчид багтаж байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.