dobu.mndobu

“The Spike Cross” гар утасны тоглоомд Монголын волейболчин, ОУХМ Ж.Энхсоёлын дүр нэмэгдлээ

“The Spike Cross” гар утасны тоглоомд Монголын волейболчин, ОУХМ Ж.Энхсоёлын дүр нэмэгдлээ

Гар утасны волейболын симулятор тоглоом болох “The Spike Cross” БНСУ-ын MBC телевизийн “The Wonder Coach 2” нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж, тус нэвтрүүлгийн “Wonder Dogs” багийн тамирчдыг тоглоомын дүр болгон нэвтрүүлэхээр болжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд нийт зургаан шинэ дүр тоглоомд нэмэгдэх бөгөөд эхний ээлжид Ж.Энхсоёл (Inkushi), Хван Ён Жү (Hwang Yeonjoo), Ли Е Дам (Lee Yedam) нар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нээс тоглогчдод нээлттэй болж байна.

Харин хоёрдугаар ээлжид БНСУ-ын волейболын домогт тамирчин, “Wonder Dogs” багийн дасгалжуулагч Ким Ён Кён (Kim Yeonkoung), Ха Хё Рим (Ha Hyorim), Пэк Чхэ Рим (Back Chaerim) нар арванхоёрдугаар сарын 2-ноос нэмэгдэх хуваарьтай байна.

Шинээр нэмэгдэх зургаан дүр бүгд тоглоомын хамгийн өндөр зэрэглэлийн нэг болох EX зэрэглэлтэй байх бөгөөд өөр өөрийн онцлог чадвар, тоглолтын хэв маягтайгаар бүтээгджээ.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд тусгай үйл явдлын тэмцээн зохион байгуулах юм. Тоглогчид “Wonder Dogs” багийн эсрэг тоглож, өдөр тутмын урамшуулал болон тэмцээнээс цуглуулсан тусгай зоосоор шинэ тамирчдыг авах боломжтой. Шинээр элсүүлсэн дүрүүдийг хамтын ажиллагааны хугацаа дууссаны дараа ч тоглоомдоо ашиглах боломжтой аж.

Тус хамтын ажиллагаа арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл нийт долоон долоо хоног үргэлжилнэ.

Сонирхуулахад, “The Spike Cross” нь БНСУ-ын SUNCYAN компанийн хөгжүүлсэн гар утасны волейболын тоглоом бөгөөд дэлхий даяар 150 сая гаруй удаа татагдсан, сарын дундаж 4.3 сая, өдөр тутмын 900 мянга орчим идэвхтэй хэрэглэгчтэй хэмээн хамтын ажиллагааг зарласан хэвлэл мэдээллийн мэдээнд дурджээ.

Харин “The Wonder Coach 2” нь БНСУ-ын волейболын алдарт тамирчин Ким Ён Кёны удирдлага дор “Pilseung Wonder Dogs” баг мэргэжлийн эмэгтэй волейболын лигийн найм дахь баг болох зорилгын төлөө өрсөлдөж буйг харуулдаг MBC телевизийн реалити нэвтрүүлэг юм.

Ийнхүү бодит волейболын тамирчид, телевизийн энтертайнмент болон гар утасны тоглоомыг нэгтгэсэн энэхүү хамтын ажиллагаа нь “Wonder Dogs” багийн олон улсын үзэгч, тоглогчдод хүрэх шинэ боломж болж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.