dobu.mndobu

“Caviar” компани 18,615 ам.долларын үнэтэй тансаг iPhone гар утас танилцуулжээ

“Caviar” компани 18,615 ам.долларын үнэтэй тансаг iPhone гар утас танилцуулжээ

Тансаг зэрэглэлийн гар утас, электрон төхөөрөмжийн загварыг өөрчлөн үйлдвэрлэдэг “Caviar” компани Apple-ийн анхны эвхэгддэг гар утас болох “iPhone Duo”-д зориулсан “Zodiac” нэртэй шинэ цуглуулгаа танилцуулжээ.

Тус цуглуулга нь зурхайн 12 ордоос санаа авсан бөгөөд хэрэглэгчид өөрийн төрсөн ордод тохирсон загварыг сонгохоос гадна гар утасныхаа хүрээ, арын хавтан, өнгө болон гоёл чимэглэлийн материалыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой юм.

Материалын сонголтод шар болон ягаан алт, мөнгө, титан, матар болон питон могойн арьс, карбон материал, очир алмааз, индранил, бадмаараг, Swarovski-ийн болор, жинхэнэ солирын хэлтэрхий зэрэг багтжээ.

“Caviar”-ийн мэдээлснээр нэг ордны загварт нэг сая гаруй төрлийн материал, өнгөний хослол үүсгэх боломжтой бөгөөд нийт 12 ордын хүрээнд 15 сая орчим өөр загвар гаргах боломжтой аж. Ингэснээр хэрэглэгч бүр өөрийн хүссэн загвартай, дахин давтагдашгүй гар утас захиалан хийлгэх боломж бүрдэж байна.

Үнийн хувьд хар титан хүрээ, карбон арын хавтантай Матрын ордны загварын урьдчилсан үнэ 14,800 ам.доллар бол мөнгөн хүрээ, хар хөх матрын арьсан чимэглэлтэй Хумхын ордны загвар 18,615 ам.долларын үнэлгээтэй байна. Эдгээр нь 256GB багтаамжтай хувилбарын үнэ бөгөөд сонгосон материал, хийцээс шалтгаалан эцсийн үнэ өөрчлөгдөх юм.

Харин Apple-ийн “iPhone Duo” гар утасны энгийн хувилбар 1,999 ам.долларын эхлэх үнэтэй. Өөрөөр хэлбэл, “Caviar”-ийн тансаг загварууд энгийн хувилбараасаа ойролцоогоор 7-9 дахин өндөр үнэтэй болж байна.

Түүнчлэн захиалгаар үйлдвэрлэсэн гар утас бүрийг хэрэглэгчид хүргэхээс өмнө эвхэгддэг нугас болон дэлгэцийн нэмэлт шалгалтад оруулж, 12 сарын баталгаа олгох аж. Мөн худалдан авагчийн сонгосон зурхайн ордын дүрслэлтэй, 999 сорьцтой алтаар бүрсэн тусгай гоёл дагалдах юм.

Захиалга өгөхдөө хэрэглэгчид компанийн цахим тохируулагчаар хүссэн загвараа бүрдүүлж, үүссэн кодыг “Caviar”-ийн борлуулалтын менежерт илгээх бөгөөд тухайн сонголтод тохирсон эцсийн үнийг баталгаажуулсны дараа захиалга эхлэх юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.