0

Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил өнгөрч байна. Гэвч энэ хэргийн цаад үнэн, хариуцлага хүлээх ёстой бүх этгээдийн асуудал өнөөдрийг хүртэл бүрэн тодорхой болоогүй хэвээр.
Охиноо алдсан эцэг С.Шаарийбуу шударга ёсны төлөө олон жил тэмцлээ. Харин энэ хугацаанд Монгол Улсын төр иргэнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө хэр хүчтэй, тууштай ажилласан бэ гэдэг асуулт нийгмийн анхаарлын төвд байх ёстой.
2026 оны нэгдүгээр сард Малайзын шүүхийн шатанд нөхөн төлбөртэй холбоотой шийдвэр дахин өөрчлөгдөж, маргаан үргэлжилсэн. Улмаар аравдугаар сард Al Jazeera уг хэргийн талаар эрэн сурвалжилсан баримтат нэвтрүүлэг гаргасан нь асуудлыг олон улсын анхааралд дахин оруулаад байна.
Малайзын эрх мэдэл, улс төрийн нөлөө бүхий этгээдүүдийн өмнө Монголын төр дуугүй байх ёстой гэж үү. Монгол Улсын иргэний амь нас, эрх ашгийг хамгаалах төрийн үүрэг хаана байна вэ?
Хоёр улсын дипломат харилцаа, эдийн засгийн ашиг сонирхол, улс төрийн аливаа тооцооноос Монгол Улсын иргэний амь нас, хүний эрх, шударга ёс дээгүүр байх ёстой.
Монгол хүн эх орноосоо хол, харийн нутагт амь насаа алдсан бол Монголын төр түүний ар гэрийнхний ард бат зогсох учиртай.
Энд нэг зүйлийг хатуу асуумаар байна. Нэг иргэнийхээ төлөө дуугарч, шударга ёсыг нэхэж чадахгүй бол төр иргэнээ хамгаална гэсэн Үндсэн хуулийн үүрэг юунд орших вэ.
Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч доогуур үнэлэгдэх ёсгүй! Энэ хэрэг мартагдах ёсгүй. Үнэн ил гарах ёстой. Хариуцлага хүлээх ёстой бүх этгээдэд хууль ёсны хариуцлага тооцох хүртэл Монгол Улс иргэнийхээ эрх ашгийг тууштай хамгаалах шаардлагатай гэж олон нийт үзэж байна.
Монгол хүний амь нас үнэ цэнтэй. Монгол хүний эрх ашиг төрийн хамгаалалтад байх ёстой.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.