dobu.mndobu

Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

Есөн улсын 129 иргэнийг  Монгол Улсаас албадан гаргажээ

Өнгөрөгч аравдугаар сард гадаадын иргэдийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр нийт 18 удаагийн шалгалт хийж, 198 аж ахуйн нэгж, байгууллагын 2,677 гадаадын иргэнийг хамруулжээ.

Тодруулбал, төлөвлөгөөт дөрөв, төлөвлөгөөт бус 14 удаагийн хяналт шалгалт хийсэн байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 186 гадаадын иргэн, 519 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой нийт 2,262 гадаадын иргэнд хамаарах зөрчлийг шалган шийдвэрлэж, торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.6 хувь нь уригч аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой зөрчилд холбогдсон байна. Зөрчлийн төрлөөр авч үзвэл, гадаадын иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил 46.2 хувийг, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.9 хувийг тус тус эзэлжээ.

Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан ч Монгол Улсаас гарахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг зөрчлийн улмаас есөн улсын нийт 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна.

Тэдгээрийн 110 нь БНХАУ-ын, тав нь ОХУ-ын, дөрөв нь Узбекистаны, гурав нь Вьетнамын, гурав нь Филиппиний иргэн байжээ. Харин БНСУ, БНЭУ, Сири, Малави улсын тус бүр нэг иргэнийг албадан гаргасан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.