dobu.mndobu

Богдхан уулын Зайсангийн аманд зэрлэг буга иргэд рүү дайрч, мөргөх тохиолдол нэмэгджээ

Богдхан уулын Зайсангийн аманд зэрлэг буга иргэд рүү дайрч, мөргөх тохиолдол нэмэгджээ

Сүүлийн үед Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аялагчдад сэрэмжлүүлэг хүргүүлжээ.

Холбогдох байгууллагын мэдээлснээр, буга нь зэрлэг амьтан учраас айж цочих, аюул мэдрэх үедээ өөрийгөө хамгаалах зорилгоор хүн рүү дайрах эрсдэлтэй аж.

Ялангуяа хавар, намрын орооны үеэр эр буга сүргээ хамгаалах, өрсөлдөгчөө хөөх зэргээр түрэмгий зан авир гаргаж болзошгүй. Мөн хүнээс хоол нэхэж дассан буга хоол булаацалдах, ойртсон хүнийг мөргөх аюултай юм.

Түүнчлэн зураг авах, хүрэх зорилгоор зэрлэг амьтанд хэт ойртох, үргээх, чулуу шидэх зэрэг үйлдэл нь амьтныг цочроож, дайрах нөхцөл үүсгэдэг байна.

Иймд иргэдийг зэрлэг амьтныг хооллох, гараас хоол өгөх, хүрэх, хөөж үргээхгүй байхыг анхаарууллаа. Мөн зураг авахын тулд хэт ойртохгүй, чулуу шидэх болон бусад өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байхыг зөвлөжээ.

Хэрэв буга догшин, тайван бус авир гаргавал ойртохгүй, аюулгүй зай барин тайван холдох шаардлагатайг сануулсан байна.

Буга хэдийгээр тайван, дөлгөөн харагддаг ч зэрлэг амьтан тул урьдчилан таамаглах боломжгүй үйлдэл гаргаж болзошгүй. Тиймээс Богдхан ууланд аялахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, зэрлэг амьтдын амьдрах орчинд хүндэтгэлтэй хандахыг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.