0

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Garden 16” хотхоны хашааны хаалгыг цоожилсны улмаас ойролцоох Ерөнхий боловсролын 53, 44 дүгээр сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөнд хүндрэл үүсээд байсан асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Тодруулбал, хоёр сургуулийн дундах замаар өдөр бүр 2,000-3,000 орчим сурагч зорчдог байна. Гэвч тус хотхоны зүгээс хашааны хаалгаа цоожилсноор сурагчид гэрэлтүүлэггүй, шороон замаар тойрч явахад хүрчээ.
Уг асуудалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс Нийслэлийн Ерөнхий боловсролын 53, 44 дүгээр сургуулийн удирдлага болон тус дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга нарын хамт газар дээр нь ажилласан байна.
Ажиллах үеэр хоёр сургуулийн дундах замын орц, гарцыг нээж, явган хүний зам тавих, гэрэлтүүлэг болон хяналтын камер суурилуулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Ингэснээр өдөр бүр тус замаар зорчдог олон мянган сурагчийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.