dobu.mndobu

ОХУ, Украин улс цэргийн олзлогсдоо солилцох тохиролцоонд хүрлээ

ОХУ, Украин улс цэргийн олзлогсдоо солилцох тохиролцоонд хүрлээ

ОХУ, Украины төлөөлөгчид АНУ-ын зуучлалтайгаар Абу Даби хотноо хоёр өдөр үргэлжилсэн энхийн хэлэлцээний үеэр дайны олзлогдогсдыг солилцох зарчмын тохиролцоонд хүрчээ.

Энэхүү хэлэлцээ нь хоёр улсын хооронд есөн сарын дараа болж буй анхны шууд хэлэлцээ бөгөөд солилцох олзлогдогсдын тоог өнөөдөр эцэслэн тогтоохоор болов. 

АНУ-ын тусгай элч Жаред Кушнер уг солилцоог дайн эхэлснээс хойших хамгийн том хүмүүнлэгийн ажиллагаа болно хэмээн тодорхойлсон бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский солилцооны цар хүрээ нэлээд өргөн байна гэж мэдэгджээ.

Хэдийгээр талууд тодорхой ахиц гарсан гэж мэдэгдсэн ч газар нутгийн маргаан зэрэг гол асуудлуудаар санал зөрөлдөөн хэвээр байгаа аж. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зүгээс Украины зүүн хэсгийн Донбассын бүс нутгийг бүхэлд нь шилжүүлэх шаардлага тавьж байгаа нь хэлэлцээний хамгийн хүндрэлтэй асуудлын нэг болж байна.

АНУ-ын зуучлагч Жаред Кушнер хэлэлцээний үеэр талуудын хооронд итгэлцэл байхгүй байгаа нь ойлгомжтой бөгөөд нутаг дэвсгэрийн асуудал шийдвэрлэхэд хамгийн хүнд сорилт болно гэдгийг онцолжээ.

Түүнчлэн АНУ-ын тусгай элч Жаред Кушнер, Стив Уиткофф нар пүрэв гарагт Москвад очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байна. Уулзалтаар Европын орнуудыг цаашдын хэлэлцээнд оролцуулах асуудлыг мөн хөндөх аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энхийн хэлэлцээрт энэ онд багтаан ахиц гаргахыг зорьж байгаагаа илэрхийлсэн байна.

Хэлэлцээ үргэлжилж байгаа ч ОХУ, Украины хоорондох цэргийн ажиллагаа зогсоогүй бөгөөд талууд харилцан агаарын цохилт өгсөн талаар мэдээлжээ. Украины төв хэсгийн цахилгаан дэд станцууд халдлагад өртсөн бол Одесса мужийн зах руу хийсэн довтолгооны улмаас гурван хүн амиа алдсан байна. Харин ОХУ-ын Белгород мужид Украины дроны халдлагын улмаас нэг хүн амь үрэгджээ.

Ийнхүү олзлогдогсод солилцох асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн ч газар нутгийн маргаан болон аюулгүй байдлын баталгаатай холбоотой асуудлууд энхийн хэлэлцээний гол саад хэвээр байна.

 

Эх сурвалж: Reuters

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.