dobu.mndobu

Бейонсе Грэммийн шагналын түүхэнд 100 удаа нэр дэвшсэн анхны уран бүтээлч боллоо

Бейонсе Грэммийн шагналын түүхэнд 100 удаа нэр дэвшсэн анхны уран бүтээлч боллоо

Дэлхийн алдарт дуучин Бейонсе Грэммийн шагналын түүхэнд нийт 100 удаа нэр дэвшсэн анхны уран бүтээлч болж, хөгжмийн ертөнцөд шинэ дээд амжилт тогтоолоо.

Тэрбээр 2027 оны Грэммийн шагналын нэр дэвшигчдийг арваннэгдүгээр сарын 16-нд зарлах үеэр “B’Day” цомгийн 20 жилийн ойн тусгай дахин хэвлэлтэд багтсан, өмнө нь нийтэд хүргэж байгаагүй “Morning Dew (Donk)” дуугаараа “Шилдэг R&B соло үзүүлбэр” төрөлд нэр дэвшсэнээр энэхүү түүхэн амжилтад хүрсэн байна.

Тус дууг Бейонсе, Фаррелл Уильямс, The-Dream болон Дариус Диксон нар хамтран бичсэн бөгөөд Бейонсе, Фаррелл Уильямс нар продюсерээр ажиллажээ. Долдугаар сарын 4-нд цацагдсан уг бүтээл энэ төрөлд Келани, Виктория Монет, Жилл Скотт болон Темс нарын бүтээлтэй өрсөлдөх юм.

Бейонсе өдгөө Грэммийн шагналын түүхэнд хамгийн олон буюу 35 удаа шагнал хүртсэн уран бүтээлч хэвээр байна. Тэрбээр өмнө нь 32 Грэмми хүртсэн удирдаач Георг Шолтигийн амжилтыг давж, энэхүү үзүүлэлтээр тэргүүлж байгаа юм.

Мөн нэр дэвшилтийн тоогоор нөхөр Жей Зигийн 89, Пол Маккартнигийн 86, Куинси Жонсын 80 удаагийн амжилтаас илт түрүүлж байна.

Түүнчлэн 2025 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд “Cowboy Carter” цомгоороо 11 төрөлд нэр дэвшиж, тухайн жил эмэгтэй уран бүтээлчдийн дунд нэг жилийн хугацаанд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн амжилтыг тогтоож байв. Тэр жилээ анх удаа “Оны шилдэг цомог” болон “Шилдэг кантри цомог” шагналыг хүртсэн юм.

Харин 2027 оны Грэммийн нэр дэвшилтэд дуучин RAYE 11 төрөлд нэр дэвшиж, Бейонсегийн эмэгтэй уран бүтээлчдийн нэг жилийн дотор хамгийн олон төрөлд нэр дэвшсэн амжилтыг давтжээ. Мөн Грэммийн түүхэнд анх удаа хамгийн олон нэр дэвшилттэй эхний зургаан уран бүтээлч бүгд эмэгтэй байгаа нь энэ жилийн онцлох үйл явдлын нэг болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.